Жокович цээж нүцгэлэн дасгал хийж, Синнер өрсөлдөгч нь гэмтсэн тулдаа хожсонд тооцогдов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 08

“Их дуулга”-ын 25 дахь түрүүгээ хүртэхийн төлөө шандсаа сорьж, хүчээ шавхаж буй 38 настай Новак Жокович өчигдөр Уимблдоны талбайд чансааны 11-т бичигдэж буй Алекс де Минауртай тулж, эхний сетэд 1:6-аар хожигдож, тун хүнд байдалд орлоо.

Жоковичийг зарим мэргэжилтнүүд “Тэр одоо аугаа тамирчин бус харин 38 настай жирийн нэгэн шиг тоглож байна. Хэрвээ ингэж тоглоод байвал хожно гэж горьдох ч хэрэггүй” хэмээн хэлж байлаа.

Гэвч Жокович маш хүнд эхний сетийн дараагаар цээж нүцгэлж суугаад, амьсгалын дасгал хийж, өөрийгөө илүү төвлөрүүлж, хурцалж чадсанаар удаахь гурван сетэд 6:4, 6:4, 6:4-өөр хожиж, шөвгийн наймд шалгарлаа.
 


“Амьсгалаа зөв удирдах шаардлагатай болсон учир тэгж дасгал хийсэн юм. Талбайн захын шугамд 30 дараалан цохилт хийсний дараа амьсгаа авах шаардлага хэнд ч тулгарна. Тоглолтыг маш муу эхлүүллээ. Гэхдээ тэр бас сайн тоглосон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Минаур тоглолтыг удирдаад явчихсан учраас надад нэг их олон хувилбар арга ч үлдээгээгүй. Харин хоёрдугаар сетэд байдлыг эрс өөрчилж чадсан” хэмээн Жокович өгүүлжээ.
 


Уимблдоны төв талбайд болсон энэхүү тоглолтыг Рожер Федерер очиж үзсэн юм. Хожсоныхоо дараа Новак Жокович наргианч зангаараа “Түүнийг ойроос харж байхад нь хожиж буй миний анхны тоглолт энэ байх. Өмнө нь үзэхэд нь хэд хэд дараалаад хожигдсон учир хараал гэж хүртэл үзэж байлаа. Харин одоо хожсон болохоор хараал арилсан байлгүй. Бид хоёр энэ талбайд хамтдаа олон удаа гарсан. Федерерийн хувьд хамгийн хайртай, хамгийн амжилттай тэмцээн энэ гэдэг нь эргэлзээгүй” хэмээн Жокович өгүүлсэн байна.
 


38 настай Жокович Уимблдоны эхний тойрогт гэдэс нь базлахад “шидэт эм” хэрэглэж тоглоод хожсон бол дараа нь ийнхүү цээж нүцгэлэн байж амьсгалын дасгал хийсний хүчинд хожлоо. Тэвчээр хатуужил заан шөвгийн наймд шалгарсныг нь мэргэжилтнүүд онцгойлон бахдаж байна.

“Энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай нь Жокович” гэж Горан Иванишевич хэлсэн тухай өөрт нь дуулгахад “Горанд би хайртай, тиймээс тэр ч надад хайртай байдаг юм” гээд инээмсэглэснээ “Яг одоогийн байдлаар, энэ формоор бол би биш энэ залуус түрүүлэх илүү магадлалтай” хэмээн Жокович хэлсэн нь Карлос Алькарас, Янник Синнерийг хэлсэн үгс болов уу.
 


Дэлхийн чансааг тэргүүлэгч Янник Синнер азтай гэмээр байдлаар шөвгийн наймд шалгарлаа. Григор Димитров 6:3, 7:5-аар эхний хоёр сетэд хожоод, гурав дахь сетэд 2:2-оор тэнцэж явахдаа гэмтсэнээр Синнерт цааш өрсөлдөх боломж олгосон юм.

Болгар теннисчин Димитров эйс хийчихээд цээжээ барин доош суусан нь гэмтсэний дохио байлаа. Эмч нар яаралтай тусламж үзүүлсний дараагаар Димитров нулимстайгаар талбайд эргэн гарч ирээд, Синнертэй гар бариад гарч одсон юм.
 


“Би энийг ялалт гэж бодохгүй байна. Харин харамсалтай явдал боллоо. Димитров маш олон удаа гэмтэлтэй хэрнээ “Их дуулга”-д өрсөлдөж буйг өмнө нь харж байсан. Тиймээс дахиад гэмтэхийг нь харах хэцүү байлаа. Теннистээ их хайртайг нь өнөөдөр бид дахин харлаа. Түргэн эдгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн Синнер өгүүлжээ.
 


Уимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын учрааг та бүхэн харж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu