Улсын наадам хаяанд ирж, энд тэндгүй жижиг наадмууд шилээ даран болсоор байна. Энэ олон жижиг наадмын жиг жуг, элдэв найрааны тухай яриа хөөрөө тасрах шинжгүй.
Монгол бөхийн цолыг мөнгөөр худалдаж авдаг буюу хүчээр биш мөнгөөр “хэвтүүлдэг” тухай яриа хэдэн арван жилийн турш гарсаар байгаа ч энэ дагуу нэг ч хэрэг нээж, нэг ч хэрэгтэн цол наймаалцсан ял үүрч байгаагүй.
МҮБХ-ноос бөхийн барилдааны дүрмийг чандлан мөрдөхийг сануулсаар байгаа ч тэр олон жижиг наадамд хэрхэн хяналт тавих аргаа олохгүй, мухардаж байх шиг.
Энэ мөчид залуу бөх Б.Цэнд сошиал хаягтаа өөрийн үзэл бодлоо эрхийнхээ дагуу чөлөөтэй илэрхийллээ. Тэрбээр Төв аймгийн Зуунмодын наадамд зодоглохоор очсон ч бүртгэлээс хоцорсон тул барилдаагүй юм байна. Гэхдээ тэрхүү барилдааныг ажихдаа сумын цолыг мөнгөөр наймаалцах явдал хэрээс хэтэрч буйг олон нийтэд сануулж, нэг ёсондоо шүгэл үлээжээ.
Бөхчүүд Монгол бөхөд найраа байдаг эсэх тухай тийм, үгүй гэж ярилцдаг ч гэлээ чөлөөтэй ингэж бодлоо хэлж байсан нь хуруу дарам цөөн юм. Ойрын өдрүүдэд залуу бөх Б.Цэнд болон фэйсбүүкийн 100 мянга гаруй дагагчтай Цагаан Жигмэд бөх сонирхогчдын хуудас л найрааны талаар ил цагаан мэдээлж, жигшүүлэхийг нь жигшүүлж, ичээхийг нь ичээж байна.
Ингээд залуу бөх Б.Цэндийн сошиалд нийтэлсэн лайваас хүргэе.
“Наадам чинь болохоо больчихжээ, хүмүүс ээ. Би уг нь чимээгүй яваад байя гээд бодсон чинь бүр болохоо больчихжээ. Би сая Төв аймгийн Зуунмод суманд ирээд харлаа. Цол олгоно гээд 60 бөх барилдуулж байгаа юм байна. Тэгсэн хэрнээ аймгийн цолтнуудыг чихчих юм. Аймгийн цолтнуудад сумын заан цол ямартай юм бэ, тэдэнд.
Залуу бөхчүүдийгээ дарчихаад, дээшээ гаргахгүй. Одоо 10 сая төгрөг гэж байна шүү дээ, 10-20 сая төгрөг болчихсон юм байна. Ингэж мөнгөөр цол авах юм бол бэлтгэл хийж яах юм бэ? Юуны төлөө бэлтгэл хийх юм бэ?
Дөнгөж бэлтгэл хийж байгаа залуу бөхчүүд яах юм бэ? Нэг жил ажил төрөл хийж, мөнгийг нь цуглуулж байгаад сумын заан гэдэг цол авах юм уу?... Дээд цолтонгууд ирж, ингэж айлгаж, сүрдүүлэх ёстой юм уу? Би бол одоо сумын наадамд очихоосоо залхаж, ичиж байна.
МҮБХ нь дүрмийн дагуу барилд гэдэг мөртлөө хаана шаардлага тавиад байгаа юм бэ?... Сумын заан дор хаяж 10-15 сая төгрөг. Би бол бодож байна, аль хэдийн түрүү бөхийн зураглал нь гарчихсан байдаг юм байна...Ой гутаж байна. Үнэхээр муухай юм. Барилдах дуртай хүүхдүүд яваад үзээрэй. Энэ хүүхдүүдэд ирээдүй харагдахгүй байна. Зүгээр л мөнгөний ирээдүй харагдаж байна. Залуу бөхчүүд эхлээд сумын цол авъя гэж барилддаг биз дээ? Гэтэл эхний цол дээр нь яагаад ингээд мохоогоод байгаа юм бэ? Энэ хүүхдүүд чинь ийм байхад яаж дараагийн цол, улсын цолыг бодох юм бэ?
Өнгөрсөн жил бодож л байсан. Өө, тийм байдаг юм байна гэж. Гэтэл энэ жил хэтэрч байна. Би өөрийнхөө тухай яриагүй шүү. Өөр зөндөө хүүхэд залуус байгаа шүү дээ. Эндээ агаар оруулахгүй бол дараагийн 10 жилдээ сумын цол 10, 20, 30, 40 сая болох юм уу?
Одоо үнэхээр яах ёстойгоо ойлгохгүй байна. Нэг мөнгөтэй бацаан очоод л цол авчихдаг. Мөнчгөрөөрөө ирсэн залуу бөхчүүдээ дарлаад, дарлаад дуусаж байна. Би энэ лайвыг устгахгүй. Ийм байгаа нь үнэн л юм чинь...” хэмээн өгүүлжээ.
Тэгвэл Цагаан Жигмэд бөх сонирхогчдын хуудас Б.Цэндийн энэхүү лайвыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Залуус аа, жаахан зоригтой л байчих... Өөрт тулгарсан тохиолдсоноо шууд энэ дүү шиг ингээд лайвдаад явчих... тэмцэл бодитой байх хэрэгтэй шүү...*******-аас үхсэнээс нь айхав дээ” хэмээжээ.
Мөн Баян-Өлгийн Ногооннуур, Завханы Эрдэнэхайрхан, Яруу, Төв аймгийн Эрдэнэсантын наадмын талаар үзэл бодол, байр сууриа хурц тодоор илэрхийлжээ.
Ийнхүү Монгол бөхийн эрэмбэ дараатай эрхэм хүндтэй цолын эхний шат болох сумын начин, сумын заан цол хүртэл найраагаар, мөнгөөр худалдаж авч болдог захын бараа шиг болсныг дэлгэн өгүүлэх хүмүүс гарч ирсээр байна. Одоо Монголын Үндэсний Бөхийн Холбоо мөн хууль хүчний байгууллага хэрхэн хянаж, нягталж шалгах нь сонирхол анхаарлыг зэрэг татаж буй нь дамжиггүй.
Сошиал орчин хүчээ авч, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээр хангагдсан энэ цагт Монгол бөхийн найраа хэмээх бусармаг үйлдлийн талаар мэдээ, баримтыг мэдээлэхийг манай сайт ч дэмжин ажиллах болно.
Сумын наадмаас өгсүүлээд улсын наадам хүртэл бүгд цэвэр, шударга өрсөлдөөнтэй байж гэмээнэ нөгөө яриад байдаг жудаг ёсыг сахиж, наадам сайхан болох билээ.
Сэтгэгдэл ( 7 )
Суманд сумын цолтон, залуу бөх, Аймагт аймгийн цолтон сумын цолтон залуу бөх барилдахаар дүрмэндээ оруулаарай.\n
Хаашдаа баларсан юм чинь нэрийг нь зарла
Хаашдаа баларсан юм чинь нэрийг нь зарла
Больдоо ямар муухай залуу вэ яаж үйлстэй байхын бэ чи тэгээл БҮРТГЭЛЭЭС ХОЦОРЧ БАЙГААН ШҮҮДЭЭ. ӨӨРТӨӨ ДҮГНЭЛТ ХИЙ ЦЭНД ЭЭ
Улс аймгийн алдар цолтой бөхчүүд сумын наадам будлиантуулж явахаасаа ичих хэрэгтэй. Бүүр нэг өлөн
Улс, аймгийн цолтнууд сумын наадамд очиж, мөнгөөр унаж өгдөг чинь аль эртнийх, угаас бөх гээч юм одоо бүрэн дампуурсан, одоо хамгийн тэнэг залуу, таг хөдөөгийн Баагий ч бөх гэж тэнэгтэхгүй болсон ш дээ
худал үнэн цуурхал тараасан ийм улсуудыг шалгаж нягтлах хэрэгтэй. нэг бөх ч давж чадахгүй гоншигноод байгаа улсууд бөхөөр явах хэрэггүй