Уимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд Дэлхийн чансааг тэргүүлэгч Италийн Янник Синнер, Дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Испанийн Карлос Алькарас нар шалгаран үлдлээ.
Ролан Гарросын финалд энэ хоёрын өрсөлдөөн 5 цаг 29 минут үргэлжилж, Янник Синнер гурван ч матчбол алдаж, эцэстээ Алькарас түрүүлсэн.
Тэгвэл энэ удаад тийм урт хугацааны турш тогломооргүй байгаагаа Карлос Алькарас наргиа маягаар өгүүлжээ. “Тэр бол миний теннисчний замнал дахь хамгийн шилдэг тоглолт болсон. Энэ ням гаригт ч гэсэн тэвчээр шалгаж, эцэж цуцахын ирмэгт хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Сайхан өдөр, сайхан ч финал болно. Гэхдээ би дахиад 5 цаг 30 минутыг талбайд өнгөрүүлмээргүй байна шүү. Гэвч тэгэх хэрэгтэй болвол тэгэхээс биш яахав” хэмээн Алькарас хэлсэн байна.
Тэгвэл өрсөлдөгчөөсөө нэг насаар л ах Янник Синнер “Теннист л хэрэгтэй, ашигтай зүйлс бид хийж байна” хэмээн товчхон өгүүлжээ. Өнөө цагийн хоёр шилдэг хоорондоо 12 удаа тааран тоглоход Алькарас 8, Синнер 4 хожсон байгаагаас сүүлийн 5-д нь испани залуу дийлсэн юм.
Шөвгийн дөрөвт Тейлор Фрицийг 6:4, 5:7, 6:3, 7:6-аар Алькарас хожсон бол Синнер 6:3, 6:3, 6:4-өөр Новак Жоковичийг буулган авсан.
38 настай Новак Жокович хожигдсоныхоо дараагаар “Уимблдонд би дахиад тоглоно. Замналаа өндөрлүүлье гэж бодохгүй байна. Ямар ч байсан эргээд нэг удаа энд заавал ирнэ” гээд гарч оджээ.
Сэтгэгдэл ( 0 )