ДеМаркус Казинс: 300 саяын гэрээ гэхэд Йокичийн бодож санаж байгаа нь ердөө л морь

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 01

“Сэлэнгэ Бодонс”-т ч байсан, “Денвер Наггетс”-т ч байсан ДеМаркус Казинс 2021/22 оны улирлыг Никола Йокичтой хамт, бүр хувцасны өрөөнд зэргэлдээ шүүгээ ашиглан өнгөрүүлсэн нэгэн. Тэрбээр Йокичийн тухай ийн ярьжээ.

“Йокичийн зан чанар надад таалагддаг юм. Сайн тоглогч гэхдээ хүн нь бүр их сайн. Өөрийнхөө тухай ямар нэгэн юм хэллээ гэхэд тэр нь хэзээ ч худал байхгүй, үнэн л байдаг. Янз бүрийн жижиг сажиг зүйлд санаа зовж мэдэхгүй.
 


Магадгүй NBA түүний хувьд амьдралынх нь хоёрдахь, гуравдахь бүр дөрөвдэх ч чухал зүйл байж мэднэ. Олон тоглолтод галзуу статистик үзүүлсэн ч гэлээ тийм оноо авна, тийм статистикт хүрнэ гэж тэмүүлсэндээ огт биш. Зүгээр тоглож байгаа нь л тэр. Ингээд бодохоор гайхалтай байгаа биз.

Денверт бид хоёрын шүүгээ зэргэлдээ байлаа. Манай багаас хэн нэг нь гэрээгээ сунгасан юм. Тэгэхэд би Йокичт “Чиний дараагийн гэрээний мөнгөн дүн ч галзуурмаар өндөр гарна даа” гэхэд юу гэж хариулсан гээч? “Тэр гэрээнээс өмнө тоглохоо больчих ч юм билүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь “300 саяын гэрээг яах вэ? Татгалзах гэж үү? Чи ер нь хэвийн хүн мөн үү? Гэрээгээ хийчихээд бүдүүрч таргалж, дураараа дургихгүй юу!” гэж хэлсэн л дээ.
 


Тэгэхэд Йокичийн бодож санаж байгаа юм нь ердөө л морь. Төрөлх нутагтаа очоод, сайхан морио харж баясахсан л гэх ухааны юу яриад байсан. “Чи тэр хэдэн адгуус хаашаа ч алга болчихгүй. Харин энэ 300 сая чинь дахиад олон сайхан морь авахад хэрэг болох юм бишүү” гэж хэлж, нэг ёсондоо ятгах аядсан” хэмээн Казинс өгүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu