Эжени Бушар: Би уйлахгүй байхыг хичээж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 01

Дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж, Уимблдонд финалдаж, Ролан Гаррос болон Австралийн нээлттэй тэмцээнд шөвгийн дөрөвт шалгарч явсан Канадын Эжени Бушар 31 насандаа мэргэжлийн тамирчны замналаа өндөрлүүллээ.

Торонтод болсон Канадын нээлттэй тэмцээнд тусгай урилгаар оролцсон Бушар сүүлийн үед тэмцээнд огт оролцоогүй юм. Гэлээ ч энэ тэмцээнд түрүүлбэл замналаа өндөрлүүлэхэд хэцүү болох тухай мэдэгдэж байлаа.
 


Канадын нээлттэй хоёрдугаар тойрогт Белинда Бенчичийг эхний сетэд 6:2-оор хожиж, дараагийн сетэд мөн тэргүүлж эхэлсэн ч дүндээ 6:2, 3:6, 4:6-аар хожигдсоноор замналаа өндөрлүүллээ.

“Би уйлахгүй байхыг хичээж байна. Монреальд, та бүхний өмнө тоглож дуусгана гэдэг онцгой юм. Жаахан охин яг энд үзэгчдийн суудалд суугаад тоглолт үзэж, ирээдүйд теннисчин болно гэж мөрөөдөж байлаа. Одоо энэ бүхэн тойргоор эргээд буцаад ирчих шиг санагдана. Теннис надад олон зүйлийг өгсөн. Тиймээс энэ спортдоо үргэлж талархаж, надад тусалсан хүмүүст байнга баярлаж явах болно” хэмээн Бушар өгүүлжээ.
 


2014 оны Уимблдоны финалд шалгарсан үзэсгэлэнт бүсгүй нулимсаа тэвчих гэж яриагаа хэд хэдэн удаа таслаад “Гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.

Ээждээ, аавдаа, эгч нартаа, ахдаа намайг л гэж өөрсдийгөө үл хайрлан зүтгэсэн жилүүдэд тань баярлалаа. Та нарынхаа ачаар л өнөөдөр би энд зогсож байна. Энд цугласан хүмүүс намайг дэмжих гэж ирсэн юм шүү гэдгийг та нартаа хэлмээр байна.
 


Мөн энэ дэмжлэг бол мөн та нарт минь ч зориулагдана. Яагаад гэвэл та наргүйгээр би гэж байхгүй шүү дээ” хэмээн Эжени Бушар өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top