Хэмилтон өөрийгөө зүхэж, FERRARI-гаас гарах тухай ярьж эхлэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 03

Формула 1-ийн Унгарын Гран-Пригийн байрлал тогтоох уралдаан өчигдөр боллоо. “Феррари”-гийн Шарль Леклер энэ уралдаанд түрүүлж, хамгийн эхэнд гараанаас гарахаар болсон бол багийнх нь анд Льюис Хэмилтон дөнгөж 12 дугаар байрлалыг эзэллээ.
 


Үүнийхээ дараагаар улаан төмөр хүлгээсээ буухдаа толгойгоо сэгсэрч, гараа хаялан “Дандаа ингэх юм!” хэмээн үглэх нь уралдааны дүндээ сэтгэл маш гонсгор байгаа нь илт. Льюис Хэмилтоны машинд асуудал гараагүй, ер нь ямар нэгэн саад бэрхшээл тулгараагүй атал хангалттай хурдтай давхиж чадаагүйдээ өөрийгөө буруутган “Дахиад л миний муугийнх. Би үнэхээр ямар ч хэрэг алга. Багт асуудал байхгүй. Та нар хэддүгээр байрлал эзэлснийг хараа биз дээ? Тэгэхээр нисэгчээ л сольсон нь дээр” хэмээн британи нисэгч өгүүлсэн байна.
 


Өмнөх Бельгийн Гран-Прид байж болшгүй алдаа гаргаж байрлал тогтоох уралдаанд дөнгөж 16 дугаар байрт орсон бухимдал дээрээ нэмж дахиад хойгуур орсондоо тэвчээр алдан хэлсэн үгс энэ байлаа. Энэ улиралд Хэмилтон байрлал тогтооход эхний 10-т орж чадаагүй дөрөв дэх тохиолдол нь боллоо. Мөн дахиад л Леклерээс хоцорлоо.
 


“Феррари”-д өөрөө тэмүүлэн ирж, жилийн 60 сая еврогийн гэрээнд гарын үсэг зурсан Дэлхийн 7 удаагийн аваргаас их амжилт хүлээж байсан ч хэрэг дээр бүтэлгүйтлээр дүүрэн гараа, барианууд үргэлжилсээр байна.
 


Унгарын Гран-Пригийн байрлал тогтоох уралдаанд “Макларен”-ий Оскар Пиастри, Ландо Норрис нар 2, 3 дугаар байрлалыг эзэллээ. Леклер Пиастригаас 0.026 секундээр урьтсан юм. “Үнэндээ гараа бүр маш хэцүү юм аа” гэж Леклер Будапештад тэргүүн байрлалыг эзэлсэн ч хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top