Теннисийн түүхэн дэх хамгийн өндөр байтай тэмцээнд оролцох тамирчдыг зарлалаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 07

Саудын Араб ноднин эхлүүлсэн Six Kings Slam тэмцээнээ энэ жилийн 10 дугаар сард дахин зохион явуулахаар болсноо зарлаад, оролцогчдыг танилцууллаа.

Янник Синнер, Карлос Алькарас, Новак Жокович, Жейк Дрэйпэр, Тэйлор Фритц, Александр Зверев нар Шилдэг зургаад багтаж, өрсөлдөхөөр болсон байна. Энэхүү тэмцээнийг зарим нь үзүүлэх тоглолт гэж шүүмжлэх өнгө аястай байсан. Учир нь ATP-ийн оноо тооцохгүй. Оролцогч бүр 1.12 сая паунд хүртэнэ. Ялагч нь 4.5 сая паундын байтай. Өөрөөр хэлбэл, теннисийн түүхэн дэх хамгийн өндөр байтай тэмцээн юм.

Саудын Арабад болсон эхний тэмцээнд зочноор Неймар очсон. Гэвч түүнийг үзэгчид тун таагүй хүлээн авч “Роналдо, Роналдо, Роналдо!!! хашхиралдсан юм. Яагаад гэвэл Роналдо Саудын Арабын хөлбөмбөгийн клубт тоглодог, энэ улсын спортын гол нүүр царай болоод байгаа. Тиймээс Роналдогийн тоглож буй нутагт Неймар зэрэг бусад хөлбөмбөгчдийг үзэгчид хүлээн авахдаа дургүйцэх шинж ажиглагдах болсны нотолгоо нь тэр байлаа.

Six Kings Slam-ийг Энди Мюррей “Хэнд ч хэрэггүй, үзүүлэх тоглолт” гэж шүүмжилсэн нь дуулиан тарьсан. Энэ нь түрүүн өгүүлсэнчлэн ATP-ийн оноо тооцохгүйтэй холбоотой хэлсэн үг байлаа. Гэлээ ч Саудын Араб энэхүү тэмцээнийг жил болгон зохион явуулахаар шийдснээ илэрхийлээд байна.

Ноднин эхний тэмцээний финалд Янник Синнер 6:7, 6:3, 6:3-аар Карлос Алькарасыг хожиж, түрүүлсэн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top