Лука Дончич “Милан”-ыг буруутгав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 08

Энэ сарын 27-нд сагсанбөмбөгийн Европын Аварга Шалгаруулах Тэмцээн эхэлнэ. 24 улсын шигшээ баг оролцох тэмцээний С хэсэгт Словенийн шигшээ Исланд, Франц, Польш, Бельги, Израильтай орсон.

Дөрвөн жил тутамд нэг зохиодог тус тэмцээнд Словенийн шигшээд Лука Дончич тоглохоор бэлтгэлээ базааж байгаа. Гэвч Жош Нибо, Влатко Чанчар хоёрыг Италийн “Милан” клуб тус тэмцээнд оролцуулахаас татгалзсан байна. Энэ талаар Дончич байр сууриа илэрхийлжээ.

“Үүнд тоглогчдын буруу өчүүхэн ч байхгүй. Миний ойлгосноор бол клуб нь явуулсангүй. “Лейкерс” шиг клуб намайг шигшээдээ тогло гээд явуулж байхад “Милан” үгүй гэж байдаг хөгжилтэй юм аа. Гэхдээ энэ асуудалд би хошуу дүрээд дэмий байх. Гэхдээ л бодлоо хэлмээр санагдаад болохгүй юм. Иймэрхүү тохиолдолд эцсийн шийдвэрийг тамирчин л гаргаж байх ёстой. Миний л бодол шүү. Хоёр тамирчин ямар ч буруугүй шүү” хэмээн Дончич өгүүлсэн байна.

Өнөөдөр Словенийн шигшээ баг Германтай нөхөрсөг тоглолт хийнэ. Энэ тоглолтод Дончич оролцох ажээ. “Бүтэн тоглох хэцүү байх болов уу. Гэхдээ л талбайд хангалттай хугацаа өнгөрүүлнэ гэж бодож байгаа. Биеийн байдал ямар байхаас л шалтгаална” гэж Дончич өгүүлжээ. Тэрбээр гурав хоногийн өмнө шигшээгийнхээ цугларалтад ирсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top