Канадын 18 настай теннисчин Викториа Мбоко Монреалийн WTA-1000-ийн финалд Наоми Осакаг 2:4, 6:4, 6:1-ээр хожиж, түрүүллээ.
Энэ тэмцээний явцад “Их дуулга”-ын 4 аваргыг хожиж, томоохон дуулиан тарилаа. Хоёрдугаар тойрогт Австралийн нээлттэй тэмцээний аварга Софиа Кенинийг, дөрөвдүгээр тойрогт Францын нээлттэй тэмцээнд саяхан түрүүлсэн Коко Гауффыг, шөвгийн дөрөвт Уимблдоны аварга Елена Рыбакинаг, финалд Австралийн нээлттэй тэмцээн болон US Open-ий аварга Наоми Осакаг хожлоо.

Монреальд Дэлхийн чансааны 85-д бичигдэж ирсэн Викториа Мбоко энэхүү ялалтынхаа дараагаар чансаагаа 60 байраар ахиулж, 25 дээр гарч ирж байна. Харин түүнд финалд хожигдсон Наоми Осака хэдийгээр ялагдсан ч гэлээ сүүлийн гурван жилийн хугацаанд үзэгдээгүй эрч хүчтэй харагдлаа гэж мэргэжилтнүүд дүгнээд, энэ сэргэлтийг шинэ дасгалжуулагчтай нь холбоотой гэж үзжээ.

“Гайхалтай тоглолт үзүүлсэн Наомид баярлалаа. Би үргэлж таныг биширсээр ирсэн. Бүр бага байхаасаа л таны тоглолтыг байнга үздэг байлаа. Ийм гайхалтай тамирчинтай тоглосондоо их баяртай байна” хэмээн мэргэжлийн теннисчнийхээ замналд анхны аваргын цомоо атгасан Мбоко өгүүлжээ.
Тэрбээр Канадын нээлттэй тэмцээнд түрүүлснээр хамгийн залуудаа тус тэмцээний аварга болсон канад тамирчин мөн болсон байна.

Мбоко 2006 оны наймдугаар сарын 26-нд АНУ-ын Өмнөд Каролинагийн Шарлотта хотноо мэндэлсэн. Эцэг эх нь Ардчилсан Конго улсынх. Улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалан АНУ-д шилжиж ирсэн хүмүүс юм. Дараа нь АНУ-аас Канадын Торонто хот руу шилжин суурьшжээ.

Викториа Мбоко бол дөрвөн хүүхэдтэй айлын бага нь. Ах эгч нар нь бүгдээрээ теннис тоглодог. Ах эгч нарыгаа даган гурван настайдаа анх теннис тоглож сурчээ.
Энэ оны эхэнд Викториа Мбоко Дэлхийн чансааны 333-д бичигдэж байсан гэнэ. Их хойгуур эрэмбэтэй байсан тул том тэмцээнд оролцох эрхгүй байлаа. Гэвч оны эхнээс Ром, Манчестер, Портод болсон тэмцээнүүдэд амжилттай оролцсоноор чансаагаа 85 дээр гаргаж чадсан байна.

Сэтгэгдэл ( 0 )