Мария Шараповагийн даашинзыг нулимаад хулгайлсан учир шалтгаан

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 11

2004 онд Уимблдонд Мария Шарапова хэмээх 17 настай орос охин финалд АНУ-ын Серена Уильямсыг 6:1, 6:4-өөр хожиж, Дэлхий дахинд од болон гялалзсан түүхтэй.
 


Гэвч үүнээс хойш 15 жилийн дараа буюу 2019 онд All England Club музейгээс Уимблдоны финалд түрүүлэхдээ өмссөн цагаан даашинз нь хулгайд алдагдсан юм. Хэн, яах гэж хулгайлсныг мөрдөн шалгахаар камер шүүтэл нөхцөл байдал улам ч дуулиан тарьжээ.
 


Хулгайлсан хүн нь Серена Уильямсын үнэнч хөгжөөн дэмжигч гэдгийг олж тогтоосон гэдэг. Юүдэнтэй цамц өмсөж музейд ороод хулгай хийсэн этгээд даашинзыг өлгөсөн газраас нь авсныхаа дараа хийсэн үйлдэл бүр жигшүүртэй.
 


Даашинз руу нулимчихаад хэргийн газраас авч зугтжээ. Энэ явдал теннисний ертөнцийг нэг хэсэгтээ цочирдолд оруулж, томоохон дуулиан болж байлаа.
 


Мария Шараповагийн эриний эхлэлийг бэлгэдэх тэрхүү цагаан өнгийн даашинзыг хожим олсон ч гэлээ олны өмнө өлгөж харуулахааргүй муухай болгосон байжээ.
 


Одоо хүртэл тэрхүү даашинзыг яг яах гэж хулгайлсан талаар тодорхой тайлбар цацагдаагүй юм. Хэт бухимдсандаа бодлогогүй үйлдэл хийсэн үү, эсвэл ямар нэгэн зүйлд эсэргүүцэл илэрхийлэх гэсэн санаа байсан уу гэдэг тодорхойгүй хэвээр үлджээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top