45 настай Винус Уильямс US Open-д оролцоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 14

“Их дуулга”-ын цувралын нэг US Open-ий ганцаарчилсан төрөлд  45 настай Винус Уильямс оролцохоор болжээ. 2000, 2001 онд тус тэмцээнд түрүүлсэн тамирчин эмэгтэй сүүлийн таван жилийн хугацаанд “Их дуулга”-д нэг ч удаа хожоогүй юм.
 


Үүнээс өмнө 44 жилийн тэртээ буюу 1981 онд Рене Ричардс 47 настайдаа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцсон түүхтэй. Тэгвэл Винус “Их дуулга”-ын ганцаарчилсан төрөлд хамгийн ахимаг насандаа оролцсон тамирчдын жагсаалтын аман хүзүүнд бичигдэхээр болж байна. Хэдхэн хоногийн өмнө Цинциннатигийн тэмцээнд оролцсон ч эхний тойрогтоо хожигдсон юм.
 


Сэтгүүлч түүнээс нэг удаа ёс болгож тоглохоор ирсэн эсэхийг нь асуухад “Дөнгөж сая л энд ирлээ. Юу болохыг хэн хэлж мэдэх вэ дээ. Магадгүй биднийг илүү их зүйл хүлээж байгаа ч юм билүү. Сайн тоглоно гэдгээ мэдэрч байна. Ер нь би хүчтэй цохилттой хуучны тэр тамирчин хэвээрээ шүү дээ. Хүчтэй цохилт бол миний брэнд юм” гэж хэлсэн байна.
 


Ноднин Винус Уильямс савандаа хагалгаа хийлгэсэн тул улирлыг бүхэлд нь өнжсөн. Мөн сүүлийн үед түүнийг Италийн жүжигчинтэй сүй тавьсан тухай хэвлэлүүд мэдээлээд байгаа. Өөрөө нэгэн ярилцлагадаа эрүүл мэндийн даатгалын төлөө тэмцээнд оролцохгүй бол болохгүй байна гэж наргиа хийсэн удаатай.
 


Ганцаарчилсан төрлөөс гадна эмэгтэй хосын төрөлд дүү Серенатайгаа хамт 14 цом гардсан байдаг. Мөн холимог хосын төрлөөр ч аварга болж үзсэн. Энэ удаад Нью-Йоркт мөн холимог хосын төрөлд Рейлли Опелкатай хамтарч оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top