Хэйли Макнеффээр бодибилдингчдийн гэнэтийн үхлийн жагсаалт үргэлжлэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 16

37 настай бодибилдингийн тамирчин Хэйли Макнефф зуурдаар таалал төгсжээ. Ингэснээр сүүлийн хагас жилийн хугацаанд гэнэт амьсгал хураасан бодибилдингчдийн тоо долоо болж нэмэгдлээ.

АНУ-ын Массачусетс мужийн Конкордын уугуул Хэйли Макнефф наймдугаар сарын 8-нд зүрх нь зогсож нас барсан тухай өчигдөр л олон нийтэд мэдээлсэн юм. Түүний үхлийг “гэнэтийн, аниргүй” гэж тодорхойлон бичжээ.

Макнефф нь бодибилдингээс гадна цанаар хичээллэдэг мөн хурдан морь унадаг байсан гэнэ. Массачусетсийн Их сургуулийг төгссөн энэ бүсгүй ирээдүйд сэтгэлзүйч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар төлөвлөж байжээ. 2009 онд East Coast Classic болон хэд хэдэн томоохон тэмцээнд түрүүлж, олны танил болсон байна.

 

 

2016 онд Raising The Bar баримтат кинонд замналынхаа талаар ярихдаа “Том булчинтай болох оролдлого хэзээ ч дуусахгүй. Үүнд хязгаар гэж үгүй. Нэг өдөр би толинд биеэ хараад “Хөөе, чинийх нээрээ их том юм аа!” гэж хэлэх өдөр ирнэ гэж найддаг” гэж өгүүлж байжээ.

Түрүүн өгүүлсэнчлэн Макнеффийн үхэл бодибилдингийн тамирчдын гэнэт үхлийн үргэлжлэл боллоо. Сүүлийн хагас жилд 7 тамирчин нас барлаа.

Долоодугаар сарын сүүлчээр 37 Лорен Бланко зүрх нь зогссон. “Мисс Олимпиа” тэмцээнд оролцохоор Лас Вегаст очоод байхдаа бэлтгэлийн үеэр гэнэт амьсгал хураасан юм.

Үүнээс сарын өмнө Испанид 43 настай Зүнильда Мендес толгой дээрээ хүнд төмөр алдаж, нас барсан. Нөхөртөө салахаар шийдснээ хэлснийхээ дараахан тийм эмгэнэлтэй явдал болсон байна. Удалгүй нөхөр нь хутганы шархтай нас барсныг цагдаа нар олсон юм. Түүнийг амиа хорлосон гэж үзжээ.

 

 

Тавдугаар сард Бразилын бодибилдингийн хоёр тамирчин долоо хоногийн зайтай нас барсан. 30 настай Ги Булл амьсгал нь боогдож үхсэн бол мөн 30 настай Вандерсон ди Силва Морейра тэмцээний үеэр ухаан алдаад, эргэн сэхээгүй юм.

Дөрөвдүгээр сард 44 настай бодибилдингч, жүжигчин Вито Пирбазари гүйлтийн зам дээр ухаан алдаад сэрээгүй. Гуравдугаар сард 20 настай Жоди Вэнс зүрх нь зогссон.

Мэргэжлийн бодибилдингийн тамирчдын дунд гэнэтийн үхэл маш их байгааг Европын кардиологийн нийгэмлэгийн судалгаа нотолсон байна. Сонирхогчдын бодибилдингийн тамирчдаас мэргэжлийн тамирчдын гэнэт нас барсан тохиолдол тав дахин их байгаа ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top