Алькарас: Өвчтэй өрсөлдөгчөө хожиж, аварга болохыг би хүсэхгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 19

Тамирчид аварга болохын тулд янз бүрийн л арга хэрэглэдэг. Зарим нь ямар ч аргаар хамаагүй  ялахыг хүсдэг тул өвчтэй өрсөлдөгчтэй таарвал ихэд олзуурхана. Харин жинхэнэ аварга тамирчин бол хамгийн хүчтэй өрсөлдөгчтэйгөө шударга тэмцэлдэж ялахыг хүсдэг.

Испанийн теннисчин Карлос Алькарасын хувьд амар ялах бус харин ширүүн, шударга тэмцлээр ялахыг хүсдэг тухайгаа Цинциннатигийн нээлттэй тэмцээний финалд хэллээ.
 


“Би ингэж аварга болохыг хүсэхгүй. Харин ч өвдөөд тоглож чадахааргүй болсон өрсөлдөгчөөсөө уучлалт гуймаар санагдлаа. Одоо чамд ямар хэцүү байгааг мэдэж байна. Чи бол жинхэнэ аварга шүү. Өнөөдөр өвдсөн ч маргааш илүү хүчтэй болоод л гараад ирнэ гэдэгт итгэлтэй байна. Чи үргэлж жинхэнэ аварга шиг байж чаддаг. Үнэхээр шилдэг аваргуудын нэг бол чи мөн. Тэгэхээр намайг уучлаарай, илүү хүчтэй болоод ирээрэй” хэмээн Цинциннатигийн нээлттэй тэмцээнд аварга болсныхоо дараа Карлос Алькарас Янник Синнер хандан өгүүлсэн юм.
 


Алькарастай финалд Италийн Янник Синнер шалгаран өрсөлдөхөөр гарч ирсэн ч биеийн байдал нь тааруу, цохилтууд нь хүчгүй, оновчгүй байсаар 0:5 болсон үед дасгалжуулагчтайгаа ярилцаад үргэлжлүүлэн тоглох боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Ингэснээр Алькарас 22 насандаа ATP Masters 1000-ийн найман цомыг гардсан нь Рафаэль Надалийн л дараагаар бичигдэх амжилт болов.

“Миний бие өчигдрөөс хойш их тавгүй байгаа. Гэвч би өнөөдөр чадлаараа тоглоё гэж бодож гарч ирсэн юм. Учир нь энэ тоглолтыг үзэх гэж олон хүн ирнэ гэдгийг мэдэж байсан. Гэлээ ч үнэхээр болж өгсөнгүй. Та бүхэн өнөөдөр чухал ажлуудаа хойш тавьж ирэхэд тань ийм таагүй байдал үүсгэсэндээ харамсаж байна” хэмээн Янник Синнер өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэм(202.126.89.102) 2025 оны 08 сарын 19

Хожсон байж араас нь ингэж ярих хэрэг байна уу даа

0  |  0
Top