Өнгөрсөн амралтын өдөр Теннисийн Алдрын танхимд Мария Шарапова болон ихэр ах дүү Брайаны нэрсийг мөнхлөх ёслол боллоо.
17 настайдаа теннисийн ертөнцөд цойлон гарч ирсэн Мария Шарапова “Их дуулга”-д таван удаа түрүүлсэн бөгөөд 38 настайдаа ийнхүү Алдрын танхимд заларч байна. Энэ ёслолын үеэр “Их дуулга”-ийн 23 удаагийн аварга, нэгэн үеийн хүчтэй өрсөлдөгч Серена Уильямс тайзнаа гарч ирж, гэнэтийн бэлэг барилаа.

“Тамирчны замналд маань надтай хүчтэй өрсөлдсөн хэдхэн тамирчин байдаг. Тэр цөөхөн тамирчдын нэг бол Мария Шарапова. Тэмцээнд оролцох тамирчдын жагсаалтаас нэрийг нь олж хараад би бэлтгэлээ илүү эрч хүчтэй, илүү сайн хийдэг байлаа” хэмээн Серена Уильямс өгүүлжээ.

Тэгвэл Мария Шарапова ч хариуд нь “Бид хоёр эцсээ хүртэл өрсөлдөн тэмцэлдэхээс өөр замыг мэддэггүй. Хэн хэндээ хожигдохыг л хамгийн их үзэн яддаг. Учир нь бид хоёр бие биедээ аварга болоход хамгийн том тээг саад болдог байлаа” хэмээжээ.
.jpg)
Ёслолыг үзэхээр ордонд цугласан олон дунд Алдрын танхимын гишүүд болох Мартина Навратилова, Жим Курье, Стэн Смит, Энди Роддик нар байв.
Мария Шараповаг 11 жилийн турш хамгийн өндөр орлоготой тамирчин бүсгүй байсныг Серена Уильямс онцлон дурдав. “Спортын амжилтаа бизнес, загварын ертөнцөд брэнд болгон ашиглаж, хүрсэн бүхэндээ амжилтад хэрхэн хүрэх боломжтойг Мария бидэнд харуулсан. Теннисийн ертөнцөд эмэгтэйчүүд боломжоо дүүрэн ашиглаж, зааг хязгаарыг давж болохыг нотолсон. Талбай дээр эрч хүчээр дүүрэн, талбайн гадна ч холыг харж, зорилгодоо хүрч болдгийг бидэнд ойлгуулсан” хэмээн Серена Уильямс өгүүлсэн байна.

Харин Мария Шарапова “Теннист амьдралаа зориулахдаа би тэндээс авч болох бүхнийг авахыг хичээсэн. Надад гайхамшигтай сайхан агшнууд, амжилтыг бэлэглэсэн. Үүнд би үргэлж талархаж явах болно” хэмээн өгүүлсэн юм.


Сэтгэгдэл ( 2 )
Super
Super