Гаут Гаут жижиг тэмцээнд 9.94 секунд гүйж, хурдаа гайхуулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 25

Өнгөрсөн баасан гаригт Квинслэндэд болсон жижиг тэмцээнд 17 настай Гаут Гаут 100 метрийн зайд 9.94 секунд гүйж, цугласан олныг гайхшруулжээ.

Дөрөвдүгээр сард 10 секундээс дотогш гүйж үзүүлсэн Гаут Гаутыг хөнгөн атлетикийн ертөнцөд Усэйн Болтын дээд амжилтыг эвдэж магадгүй хэмээн мэргэжилтнүүд болон сонирхогчид хараа тавьж байгаа. “Энэ нэг их том тэмцээн биш л дээ. Гэхдээ томоохон тэмцээний өмнө биеэ халааж, формдоо орсон эсэхээ туршиж үзэх нь зөв. Токиод 21 хоногийн дараа очих хүн өөрийгөө сорьж, шинжиж байг” хэмээн менежер Жэймс Тэмплтон өгүүлсэн байна.

“Ирэх сард би анх удаагаа ДАШТ-д оролцоно. Австралийн нэр дээрээс уралдана. Намайг улсаа төлөөлөн оролцуулахаар болсонд их баяртай байна. Миний зорилго энэ л байсан. Есдүгээр сарыг тэсэн ядан хүлээх юм. Юу чаддагаа харахыг хүсэж байна” хэмээн Гаут Гаут өгүүлжээ.

Энэ оны эхээр Гаут Гаут АНУ-ын шигшээ багийнхны бэлтгэлийн баазад очихдоо наргиа маягаар Ноа Лайлзад дуэль зарлачихаад ирсэн. “Токиод болох ДАШТ-д өөртэй чинь өрсөлдөнө” гэж хэлсэн өсвөр насны энэ хүү анхны ДАШТ-дээ ямар амжилт үзүүлэх нь олны сонирхлыг маш их татаж байгаа билээ.

Гаут Гаутын хэтийн зорилго бол 2032 онд Австралийн Брисбэнд Олимпын наадам болоход 100 болон 200 метрийн зайд түрүүлж, олимпын хос алт хүртэх гэдгээ хэлээд амжсан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top