Жордан, Роналдо зэрэг спортын тэрбумтнуудын бүлд Рожер Федерер нэгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 26

Forbes сэтгүүлийн мэдээлснээр Дэлхийн хамгийн баян тамирчид буюу спортын тэрбумтнуудын тоонд Швейцарийн 44 настай Рожер Федерер орж иржээ.

Гурван жилийн өмнө тамирчны замналаа өндөрлүүлсэн ч гэлээ 2019 оноос эхлэн Швейцарийн гутал, хувцасны On брэндийн хувьцааны гурван хувийг эзэмших болсон нь түүнийг тэрбумтнуудын эгнээнд нэгтгэжээ.

2021 онд On брэнд Нью-Йоркийн Хөрөнгийн биржид гарснаар одоо зах зээлийн үнэлгээ нь 15 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнийг дагаад гурван хувийг эзэмшигч Рожер Федерерийн хөрөнгө 375 сая ам.доллароор нэмэгджээ. On-ий ивээн тэтгэдэг тамирчид дотор “Их дуулга”-ын зургаан удаагийн аварга Ига Швёнтек, Дэлхийн чансааны 6-д бичигдэж буй Бэн Шэлтон мөн ирээдүйтэй залуу тамирчин Жоао Фонсека бий.

 

 

Рожер Федерер 24 жил тэмцээнд оролцохдоо 103 удаа аваргын цом гардаж, ойролцоогоор 131 сая ам.доллар бай шагналд гардсан бол олон ивээн тэтгэгчидтэй байгуулсан гэрээнээс ойролцоогоор 1 тэрбум ам.долларын орлого олжээ. Ивээн тэтгэгчдийн орлогод Nike-тай 20 жил хамтран ажилласны 150 сая ам.доллар мөн үүний дараагаар Японы Uniqlo-той байгуулсан 10 жилийн 300 сая ам.долларын гэрээ багтана. Uniqlo гутал үйлдвэрлэн борлуулдаггүй учир Федерерт On-той хамтран ажиллах боломж олдсон юм. Үүнээс гадна Lindt, Mercedes Benz, Moet&Chandon зэрэг компаниудтай байгуулсан гэрээний орлогууд нэмэгдэнэ.  

 

 

Түүнээс өмнө спортын тэрбумтнуудын жагсаалтад теннисчин Йон Цириак, сагсанбөмбөгч Майкл Жордан, Мэжик Жонсон, Жуниор Брижмэн, Леброн Жэймс, гольфчин Тайгер Вүдс, хөлбөмбөгч Криштиано Роналдо нар бичигдсэн юм. Үүнээс Криштиано Роналдо, Тайгер Вүдс, Леброн Жэймс нар тамирчны замналаа үргэлжлүүлж байхдаа тэрбумтнуудын эгнээнд багтсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top