Олимпын медальт Аарон Брукс допингийн улмаас барилдах эрхээ 3 жилээр хасууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 29

Парисын олимпын наадмын чөлөөт бөхийн 86 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн АНУ-ын бөх Аарон Брукс допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон тул USADA барилдах эрхийг нь гурван жилээр хассан байна. Ингэснээр эх орондоо буюу Лос-Анжелесийн олимпын наадамд оролцох боломжгүй болж байна. Гэхдээ давж заалдах боломж бий гэнэ.

 

 

The Wrestling Room-ийн Пэт Минеогийн ярьснаар бол Бруксын барилдах эрхийг 1-2 жилээр хасаж магадгүй гэсэн найдлага тээсэн ч USADA илүү хатуу шийтгэл ногдуулсан байна. Учир нь Аарон Бруксын ойрхон хоёр ч удаагийн шинжилгээгээр допинг илэрсэн бөгөөд нэг нь дегидроэпиандростерон буюу стероид гарсан юм байна.

25 настай Аарон Бруксын аав Жоны өгүүлснээр бол өнгөрсөн дөрөвдүгээр сард хатгаа авч, эмнэлэгт хэд хоног хэвтээд гарахдаа эмчийн бичиж өгсөн эмнүүдээс гадна жоргүйгээр нэмэлт бүтээгдэхүүн авсан нь допингийн төрөлд хамаарах бодисын найрлагатай байжээ.

 

 

“Хүү маань эмнэлгээс гарахдаа эмчийн бичиж өгсөн эм бэлдмэлүүдийг бүгдийг нь сайн анзаарч үзсэн. Тэгээд ямар нэгэн зүйл дутаад байна гэж бодоод түүнийгээ авахаар гарсан юм. Тэгж Wegmans-ийн нэмэлт бүтээгдэхүүн авахдаа найрлагыг харалгүй авсан нь том алдаа боллоо. Гэхдээ цэвэр байгалийн бүтээгдэхүүн байсан болохоор авч, хэрэглэж эхэлсэн” хэмээн ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top