Ноа Лайлз Тебогогоос даагаа нэхэж, ДАШТ-ий өмнө хурдаа мэдэрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 29

Хөнгөн атлетикийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн эхлэхээс 14 хоногийн өмнө Швейцарийн Цюрихт Diamond League-гийн эрэгтэйчүүдийн 200 метрийн зайн гүйлтийн финалд Дэлхийн хамгийн хурдан хүн Ноа Лайлз өнгөрсөн олимпын наадмаар цахиур хагалан түрүүлсэн Ботсваны Лециле Тебоготой финалд гарлаа. Парисын олимпын наадмаар энэ зайд Тебогод түрүүгээ алдсаныхаа дараагаар Ноа Лайлз ковид туссан ч уралдсанаа хэлж байсан.

 

 

Тэгвэл энэ удаад Цюрихын зам дээр даагаа нэхэхээр гарч, эхний метрүүдэд хоцорч явсан ч бариан дээр дайрч, 0.02 секундээр буюу 19.74 секундын амжилтаар түрүүлж чадлаа. Энэ нь ДАШТ-ий өмнө хурдаа бүрэн мэдэрч, итгэл төрүүлсэн уралдаан боллоо.

“Би зургаа дэх удаагаа түрүүллээ. Үнэхээр сайхан байна. Лецилег барианд орох үедээ хэрхэн өөрийгөө дайчилж буйг анзаарсан. Гэхдээ ялна гэдгээ мэдэж байлаа. Эцсийн шугам давтал хөмхийгөө зуугаад зүтгэхэд түрүүлж л таарна. Харин сандарвал түрүүлэхгүй гэдгээ мэдэж байсан” хэмээн Ноа Лайлз өгүүлжээ.

 

 

Diamond League-ийн үеэр World Athletics-ийн тэргүүн Себастьян Коэ ДАШТ-д оролцох эмэгтэй тамирчдыг заавал хүйс тогтоох шинжилгээнд хамруулна гэдгээ дахин мэдэгдлээ. Сарын өмнө гаргасан энэ шийдвэрийг ихэнх тамирчид дэмжээд байгаа ажээ. ДАШТ-д оролцох эмэгтэй тамирчдын 90 хувь нь арчдасын шинжилгээгээ өгчихсөн гэнэ.

“Тамирчид дийлэнх дэмжиж байна. Энэ дэмжлэг бидэнд их тус болж байгаа. Бидний зорилго бол ДАШТ-ий өмнө бүх тамирчдыг шинжилгээнд хамруулах. Хугацаа богино болохоор хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн тал бий. Шинжилгээ өгч амжаагүй тамирчдыг Токиод ирэхэд нь авах болно. Одоогоор тамирчдын 90 хувь нь шинжилгээнд хамрагдсан” гэж Коэ өгүүлжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top