US Open үргэлжилж байна. Энэ тэмцээнд 7 дээр эрэмбэлэгдэн оролцож буй Жастин Паолинигийн цохиураа барьсан агшинг магадгүй талбайн теннисийн түүхэн дэх хамгийн шилдэг гэрэл зургуудын нэгд тооцож мэдэх юм. Нэгдүгээр тойрогт Паолинигийн тоглолтыг ажиглан, тэвчээртэйеэ агшин хүлээн суусан гэрэл зурагчин Рэй Жубило энэ кадрыг мөнхөлжээ.
Олон гэрэл зурагчин US Open-д ирж, сайн кадр дарахаар амьсгалаа түгжин, агшин бүрийг ажиглан суугаа дотроос Рэй Жубилогийн дарсан энэхүү агшин нь спортын гэрэл зурагт нэг их үзэгдээд байдаггүй хошин өнгө аясыг гаргаснаараа нэн сонирхолтой, хараа булаам болж чаджээ. Рэй Жубило энэ агшинг Nikon Z9-өөрөө “агнажээ”.

“Паолини яг тэрхэн агшинд тэнцвэрээ бага зэрэг алдаад гараа арагш жаахан татсан юм. Ер нь тэгж гараа татдаггүй л дээ. Тэр агшинд би дарсан. Дараа нь яг тийм кадр дахиад дарахаар анаж суусан ч ерөөсөө болж өгөөгүй” гэж Рэй Жубило ярьсан байна.
Хоёрдугаар тойрогт Жасмин Паолини хожчихоод өөрийг нь чиглэн ирэхэд Жубило санаанд ч ороогүй аж. “Наашаа дөхөөд ирэхээр нь би дасгалжуулагчтайгаа л баяраа хуваалцах гэж байгаа юм байх гэж бодсон. Тэгсэн чинь миний өмнө ирээд алгаа хавсаръя гэснээ “Гоё зураг байна лээ” гээд инээчихээд яваад өгсөн” гэж Рэй Жубило өгүүлжээ.

Австралид теннисийн хувцас хэрэглэлийн ажилтан байсан Рэй хожмоо гэрэл зурагчин болж, теннисийн тэмцээн бүрээс агшин буулгаж суудаг нэгэн. “Гэрэл зурагчны гол чадвар бол бүтээлч сэтгэлгээ, өөгүй барилт тэгээд тэвчээр. Хэдэн цагаар хөдлөлгүй агшин анаж суух амаргүй. Анхаарлаа маш сайн төвлөрүүлэх шаардлагатай байдаг. Тэгээд тэрхүү тэвчээрийнхээ ашгийг агшин алдалгүй маш хурдан дарж гаргадаг байх хэрэгтэй. Формдоо орсон байх ёстой” гэж Рэй Жубило өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )