US Open-ий хоёрдугаар шатанд Чехийн 29 настай теннисчин бүсгүй Каролина Мухова “Флашинг Мэдоуз”-д Сорая Кирстеаг хожсон тоглолтынхоо дундуур учир битүүлгээр түр саатаж, нулимсаа арчжээ.
Тухайн мөчид ямар нэгэн тайлбар огт хийгээгүй ч хоёр хоногийн дараагаар юу болсныг ярьсан байна.

“Өмнө нь найзалдаг байсан залуу хааяа байх ёсгүй газраа ирчихсэн байгаа харагддаг юм. Энэ удаад яг миний эсрэг талын суудалд суучихсан байсан. Тэрийг хараад айсан юм. “Яваач” гэж хэлсэн ч яваагүй. Гэхдээ дараа нь харсан гараад явчихсан байсан. Тухайн үед тоглолтдоо анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болсон. Гэхдээ энэ теннистэй хамаагүй л дээ. Би энэ талаар нэг их ярих дургүй” хэмээн Мухова өгүүлжээ.

US Open-д 11 дээр эрэмбэлэгдэн оролцож буй Мухова хуучин найз залуугаа тэмцээнийг зохион байгуулагчдад хэлж, үзэгчдийн суудлаас гаргуулах эрхтэй ч тэгээгүй юм байна. Ер нь теннисчид тодорхой нэр бүхий хүнийг зохион байгуулах хороонд тэмдэглүүлж, хар жагсаалтад оруулснаар тэмцээн үзэх эрхийг нь хаалгаж болдог. Харин Мухова ямар нэгэн гомдол гаргаагүй ажээ.

“Би зүгээр ээ. Гомдол гаргаагүй. Одоо бол зүгээр байна” гэж Мухова өгүүлсэн аж. Түүнээс дахиад тийм явдал давтагдвал яах вэ? гэж сэтгүүлч асуухад “Юу болохыг хэлж мэдэхгүй юм. Мэдэхгүй болохоор...” гээд тоймтой юм хэлэлгүй өнгөрчээ.
.jpg)
Теннисчин бүсгүйчүүдийг таних танихгүй эрчүүд араас нь мөшгөж, айлган сүрдүүлж, дарамтанд оруулдаг явдал цөөнгүй гардаг. Тиймээс энэ тал дээр Холбоо болон тэмцээнийг зохион байгуулагчид онцгойлон анхаарч ажилладаг юм.

Сэтгэгдэл ( 0 )