US Open-ий шөвгийн дөрөвт өрсөлдөх тамирчдын нэрс тодорсоор байна. Сар хагасын өмнө Уимблдоны финалд Польшийн Ига Швёнтекийн эсрэг юу ч хийж чадалгүй, 0:6, 0:6-аар гутамшигтайгаар хожигдсон Аманда Анисимова хариугаа авч чадлаа.
Хар дарсан тэрхүү зүүдний эзэн Ига Швёнтектэй шөвгийн наймд энэ удаад учраа таарч, 6:4, 6:3-аар хожсоноор шөвгийн дөрөвт Наоми Осакатай тоглохоор болж байна.

“Их дуулга”-ын цувралд хуруу дарам цөөн тохиолдсон дэндүү хол хожигдлын дараагаар эргээд өнөөх хүчтэй өрсөлдөгчтэйгээ тулсан Анисимова сэтгэлзүйгээ бэлдэж гарч чадах эсэх нь сонирхол татаж байсан. 2023 онд сэтгэлзүйн асуудлын улмаас теннисээс түр чөлөө авсан удаатай учраас бүр ч хүнд тусаж магадгүй гэсэн таамаглал ч байлаа. Гэвч Анисимова ялж чадлаа.
Эхлээд хоёр тамирчин хурдтай, хүчтэй цохилтуудаар ширүүн үзэлцэхэд Швёнтек оноо авч, илүү гарч эхэлсэн. Тэр үед Анисимова “За ингээд замаараа орлоо...” гэж бодсоноо нуулгүй хэлжээ. “Үнэндээ эхний тэр ширүүн цохилтуудыг алдчихаад би дотроо “За замаараа орлоо...” гэж бодсон” хэмээн хэлээд залгуулан “Үнэндээ өнөөдрийн тоглолт миний өмнөх олон олон тоглолтоос их өөр байлаа. Нөхцөл байдал, өмнөх дүнгээс шалтгаалсан байх. Сүүлийн 24 цагийн турш би сэтгэлзүйгээ бэлдэх гэж их хичээсэн. Биеийн бэлтгэл гэхээсээ сэтгэлзүйдээ л их анхаарсан. Тэгж чадсан тулдаа талбайд ямар ч айдасгүй гарсан. Би хөдлөх, цохих бүртээ хүчээ шавхана гэж өмнө нь шамдаж байгаагүй. Харин удаад тэглээ. Биеийн хөдөлгөөн ч их сайн байлаа.

Өмнөх тэр хожигдлын бичлэгийг үзэхийг хүсээгүй ч гэлээ юун дээр алдсанаа олж мэдэхийн тулд дахин дахин үзсэн. Сэтгэл хөндүүрлэсэн ч үзээд л байсан. Өнөөдрийн тоглолтын өмнө би өмнөх алдаагаа мэдэх ёстой байсан юм. Би чинь жирийн л хүн шүү дээ. Алдаа оноо гарна. Тухайн тоглолтод бол би дэндүү удаан байсан юм билээ. Заримдаа тамирчид талбайд гараад хөшчих үе байдаг л даа. Дараа нь харин өөрийнхөө сайн тоглолтуудыг эргүүлэн үзэж, сэтгэлзүйгээ “эмчилсэн” хэмээн ярьжээ.
Харин Ига Швёнтек “Өмнөх тоглолтыг би бодоогүй. Яагаад гэвэл Амандаг ямархуу тамирчин бэ гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Нэг алдаагаа олон давтахааргүй шилдэг тамирчин. Өнөөдрийн хувьд миний эхний давуулалтууд болсонгүй. Харин хоёр дахь давуулалтуудыг минь Аманда их амархан авчихаж байлаа. Үүнээс л бүх юм боллоо” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )