Гаут Гаутын бие өөрчлөгдөж буйг дасгалжуулагч нь анзаарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 04

Хөнгөн атлетикийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлдээд байна. Энэ удаагийн тэмцээнд Арман Дүплантис нарын зэрэг цуут домгууд оролцохоос гадна мөн 17 настай Гаут Гаут Австралийн шигшээд багтан, анх удаагаа уралдах гэж байна.

Хөлийнхөө уланд пүрштэй юм шиг ойж гүйдэг энэ хүүг домогт Усэйн Болттой харьцуулах нь элбэг болсон. 17 настайдаа Австралийн 200 метрийн зайн гүйлтийн дээд амжилтын эзэн болсон хүүгийн бие сүүлийн жил орчмын хугацаанд өөрчлөгдөж буйг дасгалжуулагч нь ярьжээ.

Усэйн Болтын биеийн өндөр 195 сантиметр. Тэгвэл Гау Гаутынх 2024 оны сүүлч гэхэд 180 дөнгөж давж байсан юм. Аав Бон нь их урт гартай, хүүгээсээ өндөр хүн байдаг учир Гаут Гаутыг ч өсөж магадгүй гэж найддаг аж. Тэгвэл найдсны дагуу, сүүлийн хэмжилтээр 183 сантиметр өндөр болсныг нь хэмжиж тогтоожээ.

“Нисэх онгоцны буудал руу орохоор машинаас буухдаа би түүний нүүр рүү харах гэсэн өмнөхөөсөө илүү дээшээ харах шаардлагатай болсон юм. Тэгж л өндөр болсныг нь мэдсэн. Тэгээд “Чи өсчихжээ” гэхэд өөдөөс “Тэгэлгүй яахав” гэсэн шинжтэй харсан” хэмээн дасгалжуулагч Ди Шеппард ярьсан байна.

Усэйн Болт 15 настайдаа л 195 орчим болчихсон байсан гэдэг. Харин 17-той Гаут Гаутын хувьд өсөлт нь харьцангуй удаан. Тиймээс үүнээсээ ч илүү өсөж магадгүй. “Гол нь хөлийн тамир. Өндөр болж буй тамирчныг зөв бэлдэх хэрэгтэй байдаг юм. Бага багаар хүчийг нэмэх ёстой” гэж дасгалжуулагч өгүүлжээ.

Гаут Гаутын гүйлтийн техник нь пүрштэй юм шиг ойдгоос бусдаар Болт шиг нуруу цэх, хөлөө хол тавьж гүйдэг. Тиймээс өндөр хурд авч чаддаг. Гэхдээ эхний хэдэн метрт бусад тамирчнаасаа хоцрох маягтай эхэлдэг.

“Эхний хоёр алхмаа л илүү хурдтай, хүчтэй хийж сурах хэрэгтэй байгаа юм. Хэзээ хамгийн өндөр хурдаа авдгийг нь бид мэднэ. Гараан дээр ч тэр хурдаа аль болох богино хугцаанд авч чаддаг болох хэрэгтэй байна” гэж дасгалжуулагч ярьсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.191) 2025 оны 09 сарын 05

Хэрэгтэй хүндээ хэрэгтэй байх энэ мэдээ.

0  |  0
Зочин(202.9.46.191) 2025 оны 09 сарын 05

Хэрэгтэй хүндээ хэрэгтэй байх энэ мэдээ.

0  |  0
Зочин(202.9.46.191) 2025 оны 09 сарын 05

Хэрэгтэй хүндээ хэрэгтэй байх энэ мэдээ.

1  |  0
Top