Тайландын Бангкок хотын “Хуамарк” цэнгэлдэхэд өчигдөр түүхэндээ байгаагүй өндөр амжилтад хүрсэн Итали, Туркийн аль алиных нь Алтан үеийнхэн хоорондоо туллаа.
Нэг талаас сүүлийн жил хагасын хугацаанд гурван том тэмцээнд түрүүлэхдээ 35 дараалан ялалт байгуулсан Италийн шигшээ, нөгөө талаас Дэлхийн аваргын медалийн тавцанд анх удаа гарч буй Туркүүд учирсан.

Парисын олимпын аварга Италийн эмэгтэйчүүдийн шигшээ энэ финалд 25:23, 13:25, 26:24, 19:25, 15:8-аар буюу таван үеийн ширүүн тулаанаар ялалт байгуулснаар 23 жилийн дараа Дэлхийн аваргын алдрыг дахин хүртлээ. Ингэснээр Кубын шигшээ Олимп, Дэлхийн аваргыг цомыг хамтад нь өргөсөн гайхалтай түүхийг давтаж байна.

“Энэ багийг түүхэнд домгууд гэж тэмдэглэх болно. Багийнхнаараа маш их бахархаж байна. Сүүлийн хоёр өдөр хоёр маш хэцүү тоглолтод хожлоо. Бэлтгэл дээр өдөр бүр хүч чадлаа шавхан ажилласны үр шим, гавъяагаа хүртлээ. Сэтгэл их догдолж байна” хэмээн Италийн шигшээ багийн дасгалжуулагч Хулио Веласко өгүүлжээ.

Италийн од Паоло Эгонү тэмцээний үеэр тогтворгүй тоглосон ч финал дээр 22 оноо авч, багийн лидерийн үүргээ гүйцэтгэж чадлаа. “Одоо ч итгэж чадахгүй л байна. Маш их жаргал мэдэрлээ. Энэ агшинг би хэзээ ч мартахгүй. Магадгүй манай багийн зарим тоглогчийн хувьд сүүлчийн тоглолт нь боллоо гэж бодох тусам зүрх сэтгэл дүүрч байна” гэж Эгонү догдлон ярьжээ. Мириам Силла мөн сэлгээнээс сэргээхээр гардаг Екатерина Антропова нар 19 болон 14 оноо багтаа авчирч том нөлөө үзүүллээ.

Харин финалд хамгийн олон оноо түүсэн нь Туркийн шигшээгийн Кубын аянга Мелисса Варгас. Варгас 33 оноо багтаа авчирсан ч гэлээ Италийн ялагдашгүй багийг ялж чадсангүй. Мөн багийн ахлагч Эда Эрдэм 19 оноо авч, өөртөө итгэлтэй сайн үзлээ.

ДАШТ-ий мөрөөдлийн багт нэрлэгдсэн тамирчид:
Алессиа Орро /Итали/, Мелисса Варгас /Турк/, Габи /Бразил/, Маюү Ишикава /Япон/, Анна Данеси /Итали/, Эда Эрдэм /Турк/, Моника де Женнаро /Итали/.
Тэмцээний шилдэг тоглогч: Алессиа Орро /Итали/.


Сэтгэгдэл ( 0 )