Трампаас болж хоцорч эхэлсэн финалд Алькарас ялж, “Их дуулга”-д 6 дахиа түрүүлэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 08

US Open-ийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд өрсөлдөгчдөөсөө тасарчихаад, өөр хоорондоо л үзэлцэх болсон Карлос Алькарас, Янник Синнер нар дахин туллаа.

Гэхдээ энэ удаад Алькарас өрсөлдөөнгүйгээр шахам 6:2, 3:6, 6:1, 6:4-өөр хожиж, аварга боллоо. 22 настай залуу “Их дуулга”-ын зургаан дахь түрүүгээ хүртсэний зэрэгцээ Дэлхий тэргүүн теннисчний суудлаас Синнерийг буулгаж, өөрөө заларлаа.

 

 

Тоглолт 30 минут хоцорч эхэлсэн. Учир нь 2000 оноос хойш буюу Билл Клинтоноос хойш АНУ-ын Ерөнхийлөгч US Open-ийн финалд морилоогүй байсныг Доналд Трамп өөрчилж, зорин очсон юм. Ерөнхийлөгч ирэх чимээнээр аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс хяналт шалгалтыг улам чангатгаснаар товлосон цаг болчихоод байхад үзэгчид 23 мянган үзэгчийн суудалтай “Флашинг Мэдоуз”-д орж амжаагүй байв.

 

 

Доналд Трампыг орж ирээд, цугласан олонтой гараа даллан мэндчилэхэд зарим нь алга ташин дэмжиж, зарим нь дургүйцлээ илэрхийлж, хоёрдмол байдлаар угтан авсан.

Эргээд теннис дээрээ төвлөрье. Алькарас хожсоноор хоорондын тоглолтын харьцаа 10:5 боллоо. Том тэмцээнд бол 6:4, US Open-д 2:1 гээд дан Алькарасын илүүрхэл харагдана.

Синнер, Алькарас хоёр сүүлийн найман “Их дуулга”-ын түрүүг хүртсэн нь өрсөлдөгчдөөсөө тасарчихсаны тод нотолгоо болж байна. Сүүлийн 13 “Их дуулга”-ын 10-т нь тэр хоёр л түрүүлж, үлдсэн гурвыг Новак Жокович авчээ.

 

 

Мөн “Их дуулга”-ын дараалсан гурван финалд хоёр л тамирчин ээлжлэн өрсөлдсөн түүхийн шинэ хуудсыг нээлээ. Францын нээлттэй тэмцээнд Алькарас хожсон бол Уимблдонд Синнер хариугаа авсан. Харин энэ удаад хайн хагалахад Алькарас хавьгүй илүү байлаа.

Саявтархан замналаа өндөрлүүлсэн Канад хатагтай Эжэни Бушар тоглолтын өмнө хоёр тамирчны бэлтгэлийг хараад “Алькарас хожчихжээ” гэж хэлсэн бөгөөд тоглолтын дараагаар яагаад тэгж хэлснээ тайлбарлая гэсэн. Үнэхээр Бушарын хэлснээр ч боллоо. Тайлбараа хэлэхдээ Синнер тоглолтын өмнө дасгалжуулагчтайгаа хөөцөлдөн тоглож, хөдөлгөөнөө сорьж үзсэн бол Алькарас яг чухал тоглолтын өмнө хийх ёстой сунгалт, дасгалуудыг чамбай хийхийг хараад тэгж бодсон гэдгээ хэлсэн байна.

 

 

Синнерийн хувьд санаа зовох зүйл нэмэгдсээр байна. Алькарастай сүүлийн 8 удаа тааран тоглохдоо ганц л хожиж, бусдад нь хожигдчихлоо. Тэгсэн хэрнээ бусад тамирчдыг бол сүүлийн хоёр жилд 109:4-өөр илт давамгайлсан тоо үзэгдэнэ.

Алькарас US Open-ийн аваргын хувиар үг хэлэхдээ найрсаг зан гаргахаа мартсангүй. “Би чамтай гэр бүлийнхнээсээ ч олон удаа уулзах юм” гэж Алькарас Синнерт хандан хэлээд дараа нь энэ ялалтад хүрэхэд дэмжиж тусалсан багийнхан, гэр бүлийнхэндээ баяр талархлаа илэрхийллээ.

Харин Янник Синнер өнөөдөр хүчтэй нь хожсоныг цохон тэмдэглээд үзэгчдэд баярлаж талархаж буйгаа хэлээд гарахдаа ирэх жилийн “Их дуулга”-ыг тэсэн ядан хүлээнэ гэдгээ дурдсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top