Чөлөөт бөхийн 97 кг-ын өрсөлдөөн ДАШТ-ий том бэлэг, тод чимэг болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 10

Энэ сарын 13-нд Хорватын Загреб хотноо Чөлөөт бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/ эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн сонирхол татсан жингээр эрэгтэйчүүдийн 97 кг-ыг зүй ёсоор нэрлэж байгаа.

Хэрвээ ОХУ-ын 29 настай Олимпын хошой аварга Абдулрашид Садулаевын визийн хоригийг цуцалж чадвал энэ жинд Парисын Олимпын аварга, Бахрэйний нэрийн өмнөөс босож буй орос залуу Ахмед Тажудинов, 2016 оны Олимпын аварга, АНУ-ын бөх Кайл Снайдер гээд сүүлийн гурван олимпын аварга гурвуулаа цуглах болно.

ОХУ-ын Бөхийн Холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвилигийн хэлснээр бол визийн асуудлыг нааштайгаар шийднэ гэж хүлээж байгаа юм байна. 2024 оны нэгдүгээр сард Садулаев Испани руу жуулчны визээр нэвтрээд, тэндээсээ Румынд болох ДАШТ-д очих гэсэн нь журам зөрчсөн явдалд тооцогдож, 59 сарын хугацаанд Шенгений орнуудад зорчих эрхээ хасуулчихсан. Үүний улмаас энэ жилийн Европын АШТ-д ОХУ-ын тамирчдыг оролцуулсан ч ганцхан Садулаевыг визийн зөрчилтэй гээд зөвшөөрөөгүй юм.

Хэрвээ Садулаев ДАШТ-д оролцвол Тажудиновын адил түрүүлэх хамгийн өндөр магадлалтай тамирчинд тооцогдоно. 2022 оноос Бахрэйний нэрийн өмнөөс барилдах болсон Тажудинов жингийнхээ гол өрсөлдөгч Садулаев болон Кайл Снайдераас харьцангуй өндөр мөн 7 насаар дүү. 2023 оны ДАШТ-д Кайл Снайдерийг ялаад, дараа нь Садулаевыг 9:2-оор ялж явахад өрсөлдөгч нь бэртсэн. Энэ түрүүгээ тохиолдлын ялалт биш байсныг Парисын олимпын дэвжээн дээр нотолж, түрүүлсэн. Нас залуу болохоор өдрөөс өдөрт улам чангарч, туршлага сууж буй тамирчин тул Садулаев, Снайдер нарт түүнтэй эн тэнцүү өрсөлдөх боломж жилээс жилд хумигдана. Тиймээс ч энэ жилийн ДАШТ-ий өрсөлдөөн онцгой анхаарал татаж байгаа юм.

2024 оны ДАШТ-д Садулаев өмнөх жилийнхээсээ илүү сайн байгаа нь ажиглагдсан. АНУ-ын Кайл Снайдерийн хувьд бол энэ жиндээ хамгийн олон том тэмцээний медальтай нь. Олимп, Дэлхийн медалийн тоогоо хоёр оронд хүргэх эсэхээ шийдэх болно. Гэхдээ Загребад Ираны Амирали Азарпирад, Албанид Японы Араш Ёшида нарт ялагдсан. Харин энэ жилийн ДАШТ-ий эрэмбийн гурав дээр бичигдэж байгаа нь Азарпира болон Тажудиновын нөгөө зоонд орчихлоо гэсэн үг. Тиймээс Садулаев энэ тэмцээнд оролцохгүй бол финалд гараад ирэх магадлалтай харагдаж байгаа. Гири Мачарашвилитэй дөрөв барилдахдаа бүгдэд нь ялсан, мөн Араш Ёшидаг ялж яваад 45 секунд дутуу байхад 4 оноо алдсан зэргийг нь тооцвол Снайдерт ийм боломж байгаа юм.

Энэ жинд өөр ч хүчтэй бөхчүүд байна. Ираны Амирали Азарпира одоо дөнгөж 23 настай. Түрүүлэх магадлал нь Тажудинов, Садулаев нарын дараагаар л яригдана. Мөн нуруу өндөр. Олимпын наадамд Тажудиновтой тэнцүүхэн үзээд, 3:4-өөр ялагдсан.  Кайл Снайдерийг сүүлийн хоёр барилдаандаа ялчихсан. Араш Ёшидаг 9:1-ээр “үзээгүй”. Тиймээс Хорватын дэвжээнд цойлж магадгүй юм.

Японы Араш Ёшида одоо 21-хэн настай. Өмнө нь туршлага дутаад, алдаа гаргаад алдчихсан барилдаанууд бий. Гэхдээ энэ жилийн эхээр Кайл Снайдертай 5:5-аар тэнцээд ялсан, Мөн Ираны Эрфан Ализадэг 3:2-оор дийлсэн. Сарын дараагаар Азийн АШТ-д Дэлхийн аварга, Казахстаны Ризабек Айтмуханыг 7:1-ээр ялж, тивдээ магнайлаад буй залуу.

Мөн 97-ийн өөр хүчтэнүүд бол Гиви Мачарашвили, Магомедхан Магомедов, Ризабек Айтмухан нар. Гэхдээ тэдний дээр Тажудинов, Садулаев, Снайдер, Ёшида, Азарпира тав байхад Дэлхийд түрүүлэх найдлага бага. Хэрвээ энэ тавыг “нэвтлээд” түрүүлчихвэл маш том шуугиан болох нь тодорхой. 97 кг-д зөвхөн энэ хэд ч байгаа юм биш 32-той туршлагатай хоёр бөхийг бас дурдахгүй болохгүй. Узбекистаны Магомед Нуров, Белорусийн Александр Гуштын нар туршлагаараа залуусыг гэнэдүүлчихэд гайхах юм бас байхгүй. Манай Монголоос энэ жинд Ганбаатарын Ганхуяг барилдахаар замдаа гарсан.


Ингээд 97 кг-ын зарим бөхчүүдийг л нэр дурдахад 11 бөх болчихож байна. Мэдээж, ДАШТ-ий тааварт Садулаев тэмцээнд оролцох эсэх нь ихээхэн нөлөөлнө. Энэ жингийн өрсөлдөөн ДАШТ-ий хамгийн том бэлэг, чимэг байх болно.

ДАШТ-д оролцох Монголын баг тамирчдыг танилцуулъя.

Эрэгтэй: 57 кг: Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг: Т.Түвшинтулга, 65 кг: Б.Гантулга, 70 кг: Т.Тулга, 74 кг: Э.Төгсжаргал, 79 кг: О.Сүлдхүү, 86 кг: Н.Батбилгүүн, 92 кг: Т.Дэмчигдорж, 97 кг: Г.Ганхуяг, 125 кг: М.Лхагвагэрэл

Эмэгтэй: 50 кг: Б.Мөнхнар, 53 кг: Ц.Намуунцэцэг, 55 кг: Б.Хулан, 57 кг: Х.Болортуяа, 59 кг: Т.Алтжин, 62 кг: П.Орхон, 65 кг: Т.Энхжин, 68 кг: Э.Дэлгэрмаа, 72 кг: З.Болортунгалаг, 76 кг: Э.Даваанасан

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(66.181.187.189) 2025 оны 09 сарын 12

оросын бөхчүүдийн ярыганы тэмцээнд түрүүлсэн хэдийн барилдааныг харж байхад илэрхий сайн байгаа бөх харагдахгүй жийдээ хуучнаасаа сул байсан даа.Ганц 70ын Казырак л шинээр гарч байгаа болоод тэр үү тасархай санагдсан.

0  |  0
зочин(66.181.166.196) 2025 оны 09 сарын 11

Тэгээд ийм аймаар аваргуудаар хахчихсан жинд манайх хүн явуулж яадаг байна, ямар ч найдваргүй нь ойлгомжтой юм биш үү, хэн нэг бөхийг газар үзүүлж, төсвийн мөнгөөр тоглож байгаа юу уу

0  |  0
Зочин(92.76.147.31) 2025 оны 09 сарын 13

65 д Гантулга гэж ямар бөх гараад ирэхээр. Гайхаад байна

1  |  0
Зочин(66.181.176.220) 2025 оны 09 сарын 10

Манайхан нэмэргүй дээ, ДАШТ-д секцийн хүүхдийн хэмжээний л хүмүүс явж байна гэхэд ойлгочиход болохоор

0  |  0
Top