Сүүлийн нэг жил орчмын хугацаанд хөнгөн атлетик сонирхогчдын анхаарлыг татаад буй Австралийн 17 настай Гаут Гаут Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцохоор Японы нийслэлд буулаа.
Ирэх бямба гаригт буюу энэ сарын 13-нд Хөнгөн атлетикийн ДАШТ эхэлнэ. Гаут Гаутын хувьд Австралийн шигшээд багтан, 200 метрийн зайд уралдахаар ирсэн. Мэдээж, 17 настай хүүгийн анхны ДАШТ. Түүний уралдах төрөлд Парисын олимпын наадмын 100 метрийн зайн аварга АНУ-ын Ноа Лайлс гүйх болно.
.jpg)
2024 оны 12 дугаар сард Гаут Гаут 200 метрийн зайд 20.04 секундын амжилт үзүүлж, 1968 оноос Австралид хэн ч эвдэж чадаагүй байсан дээд амжилтыг шинэчилсэн. Үүнийхээ дараагаар өнгөрсөн зургаадугаар сард 20.02 секунд гүйж, амжилтаа ахиулсан.
Токиогийн 200 метрийн зайн гүйлтэд оролцох тамирчдын жагсаалтын 16-д Гаут Гаут бичигдэж байна. Лайлсаас 10 насаар дүү. Хэтийн зорилго нь 2032 онд Брисбэнд болох Олимпын наадамд түрүүлэх гэдгийг дасгалжуулагч нь зарлачихсан байгаа.
.jpg)
“17-той ч гэлээ ДАШТ-д уралдахад бэлэн гэж хэлж болно. Усэйн Болт ч түүний насан дээр ийм амжилтад хүрч байгаагүй. Энэ хүүгийн аяллыг харах байх болно” хэмээн спортын тайлбарлагч Брюс Макэвани өгүүлжээ.
Гаут Гаут уг нь 200 метрийн зайд хоёр ч удаа 20 секундээс дотогш гүйсэн юм. Гэвч салхи зохих хэмжээнээс хүчтэй байсан тул амжилтыг нь тооцоогүй.
Гүйлтийн техникээрээ домогт Усэйн Болтыг сануулах энэ хүү “Яавал хурдан гүйх вэ гэдэг нь миний хувьд эхний 50, 100 метрт ямар хурд авахаас л шалтгаалдаг. Тойрог руу ороод ирэхдээ хэнийг гүйцэж чадахаа бүрэн мэдэрдэг. Тиймээс анхаарлаа төвлөрүүлж, тайван байдаг. Хүмүүс намайг Болттой харьцуулахад сайхан санагдалгүй яахав. Гэхдээ заримдаа дарамт мэдрэддэг.
.jpg)
Эргэн тойрныхон маань анхаарлаа төвлөрүүлэхэд их тус болдог юм. Би өөрийнхөөрөө л байхыг эрмэлздэг. Усэйн Болттой төстэй гүйлттэй байж болох ч гэлээ өөрийнхөөрөө л байдаг” гэжээ.
Хүүгийн аав, ээж хоёр нь Өмнөд Суданых. Египетээр дамжаад 2006 онд Австрали руу гарсан юм байна. 2007 онд Брисбэний ойролцоох Ипсвичэд Гаут Гаут мэндэлжээ. Тиймээс Брисбэний олимпод түрүүлэх учир утгатай байгаа хэрэг.

12 настайгаасаа тэмцээнд оролцож эхэлсэн. Тэр үеэс мэргэжилтнүүд анхааралд өртөж, дасгалжуулагч Ди Шеппард нь ирээдүйд аугаа тамирчин болох найдлагатай гэжээ. “Намайг аугаа тамирчин болох бололцоотой гэж хэлэхэд их гайхаж, баярласан” гэж Гаут Гаут ярьсан байдаг. Хэвлэлийнхэн Гаут Гаут гээд байгаа болохоос биш аавынх нь хэлж буйгаар бол Гуот Гуот гэх нь зөв гэнэ. Гэвч хэвлэл эхлээд яаж нэрлэсэн түүгээрээ л бичсээр байгаа юм.
Менежер нь хүүг хэвлэлийнхэнд том ярилцлага өгөхийг 18 сар хоригложээ. Энэ нь залуу тамирчныг дарамтаас сэргийлж, ачааллыг нь хэтрүүлэхгүй, сэтгэл санааг нь зөвхөн тэмцээнд зориулахад чиглэсэн хориг юм.

Сэтгэгдэл ( 0 )