Усэйн Болт дээд амжилтыг нь эвдэнэ гэж санаа зовохгүй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 12

Хөнгөн атлетикийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн маргааш Японы нийслэл Токиод эхэлнэ. 2009 онд Берлинд болсон ДАШТ-д Ямайкийн домогт тамирчин Усэйн Болт 100 метрт 9.58 секунд, 200 метрт 19.19 секундын амжилт үзүүлж, Дэлхийн хос дээд амжилтын эзэн болсон.

Тэгвэл өчигдөр Puma-гийн ажиллагаанд оролцохдоо Болт орчин цагийн гүйгчид дээд амжилтыг нь эвдэнэ гэж санаа зовохгүй байгаагаа хэлсэн байна.

2023 оны ДАШТ-д АНУ-ын Ноа Лайлс 100 болон 200 метрийн зайд түрүүлж, хурдаа гайхуулсан ч гэлээ дээд амжилтыг эвдэж чадаагүй. Энэ жилийн хувьд 100 метрийн зайд хамгийн хурдан гүйсэн нь Ямайкийн Кишанэ Томпсон. 9.75 секунд гүйсэн.

Тиймээс ч түүнийг ням гаригт болох уралдаанд түрүүлэх хамгийн өндөр магадлалтайд тооцож байгаа юм. Кишанэ Томпсонтой АНУ-ын Ноа Лайлс, Кенни Беднарек болон Ямайкийн өөр нэгэн гүйгч Облик Севилл финалд гарна, хурдаа үзнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа. Болтын хувьд бол Ямайкийнхаа хоёр тамирчныг эхний хоёр байрт орно гэж бодож буй гэнэ.

“Хамгийн гол нь яг төлөвлөснийхөө дагуу гүйж чадах уу гэдэг л байна. Юу саад болж болох вэ? гэвэл орчин тойрны уур амьсгал, дуу шуугианд сатаарч мэднэ. Миний дээд амжилтын хувьд бол эвдчих болов уу гэж санаа зовохгүй байна” гэж Болт өгүүлжээ.

Австралийн 17 настай Гаут Гаутын тухай асуухад “Би залуу тамирчдыг хараад баярладаг. Үргэлж залуусыг дэмждэг. Гэхдээ өсвөр насанд бүх юм их амархан байдаг юм. Харин өсвөрөөс насанд хүрэгчдийн уралдаан руу шилжээд ирэхэд төвөгтэй болдог. Зөв хүрээлэл бүрдүүлж, зөв дасгалжуулагчтай байх гарцаагүй шаардлагатай” гэжээ.

Puma-гийн ажиллагаа гэснээс гүйлтийн замын гадаргуу болон шинэ пүүз танилцуулсан юм байна. Puma-гийн мэдэгдсэнээр бол хэрвээ Усэйн Болт энэхүү зам дээгүүр тэрхүү пүүзтэй гүйвэл дээд амжилт нь 9.58 биш харин 9.42 байх байсан гэнэ. Гэхдээ Болт найман жилийн өмнө тамирчны замналаа өндөрлүүлчихсэн тул одоо энэ талаар ярих нэгэнт утгаа алджээ. Тиймээс Токиод цугласан хөнгөн атлетикчдын өрсөлдөөнд анхаарлаа хандуулцгаая.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top