Хорватын Загреб хотын дэвжээнээс Монголын тамирчин эхний өдөр мөнгөн медалийн болзол хангачихаад, маргааш алтын төлөө барилдахаар шалгарлаа. Энэ монгол залуу бол 70 кг-ын жингийн бөх Төмөр-Очирын Тулга юм.
Тэрбээр эхний тойрогт Молдавын Василе Дьяконыг 2:0, шөвгийн 16-д Болгарын Михаил Геогиевийг 7:1, шөвгийн наймд Гүржийн Кемертелизэг 11:0-ээр ялж, шөвгийн дөрөвт шалгарсан. Харин шөвгийн дөрөвт Дэлхийн аварга, Казахстаны Нуркожа Кайпановтой барилдаж, 5:2-оор яллаа.
Ингэснээр Дэлхийн аваргын төлөө Японы бөх, Дэлхийн аваргын мөнгөн медальт Ёшиносүкэ Аояагитай барилдах болно.
Т.Тулга ийнхүү Дэлхийн хүрэл медалийнхаа өнгийг өөрчлөх нь нэгэнт тодорхой боллоо. Монголын чөлөөт бөхийн түүхэнд гайхамшигтай амжилт гаргасан алдартай бөхчүүдийг залгамжлан, түүхийн хуудсыг шинэчилж, Дэлхийн аваргын медальтнуудын жагсаалтад нэрээ дахин бичүүлж, монгол түмнээ баярлуулж байна.
Мөн нэгэн сонирхолтой давхцал байгаа нь маргааш буюу 2025 оны есдүгээр сарын 14-нд Боксын Дэлхийн аваргын алтан медалийн төлөө А.Баттулга рингнээ гарна. Тулга нэртэй хоёр залуу нэгэн өдөр хоёр өөр спортоор Дэлхийн аваргын төлөө оюун ухаан, эрч хүч, эрэмгий зоригоо шавхан тэмцэлдэх гэж байна.


Сэтгэгдэл ( 5 )
Эхлээд алт ав.
Монголын нэрийг дэлхийд цуурайтуулсан том П.Сүхбатын залгамж гарч байгаа нь сайхан юм.
Тааруухан л нөхөр шиг байдаг, гэнэт ингэж цоорно гэж байдаг л юм байж дээ, өчигдөр азтай өдөр нь таарчихсан юм байх даа
uu, tulgaa gaikhaltai ,
баяр хүргье. Амжилт..