Уругвайн анхны медалийг хүртсэн марафонч бүсгүй амжилтандаа итгэсэнгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 14

Японы нийслэл Токиод Хөнгөн атлетикийн ДАШТ-ий хоёр дахь өдөр үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн марафонд Кенийн Перес Жепчирчир, Этиопын Тигст Ассефатай стадионы замд мөр зэрэгцэн орж ирээд, сүүлчийн зуун метрт хурд хийснээр түрүү хүртлээ.

“Сүүлийн хэдэн метрт хаанаас ч юм эрч хүч ундарсан. Нуугдмал эрч хүч байсан бололтой” гэж Перес Жепчирчир өгүүлжээ.
 


Гуравдугаар байрт Дэлхий чансааны 288-д бичигдэж буй Уругвайн Жулиа Патернэн орж, өөртөө ч, өрөөлд ч гэнэтийн бэлэх барилаа. “Тэмцээний үеэр хажуунаас хүмүүс хэдэд гүйж байгааг хэлж, хашхирдаг. Гэтэл энд бүгд японоор болохоор хүмүүсийн хэлээд буйг ойлгоогүй. Хэдэд гүйж яваагаа мэдээгүй.
 


Стадионд ороод иртэл хэн ч өмнө байсангүй. Гайхалгүй яахав. Хаана, хэдэд яваа ч юм, бүү юм. Эхний найм дотор л байх ёстой гэдгээ мэдэж байлаа. Ард тамирчин байгаа эсэхийг эргэж харах гэхээр гүйцэгдчихэж магадгүй гэж айгаад харж чадалгүй, гүйсээр байгаад орсон. Бас шүүгчээс яг бариа мөн эсэхийг ч эргэлзсэндээ асуусан. Медалийн тухай бодохыг ч хүсээгүй. Гэтэл медаль гэхээр үнэндээ бүр шооконд орлоо.
 


Миний хоёр дахь л марафон болохоор хөлөө гэмтээчихгүй л барианд орчих юмсан гэж бодсон. А цэгээс Б цэгт хүрэх л миний зорилго байсан юм” гэж Патернэн өгүүлсэн байна.

Уругвай аав, ээжтэй 25 настай энэ бүсгүй Мексикт төрсөн юм байна. Хожим аав нь Кембрижийн Их сургуульд математикийн багшаар ажиллахаар Англид очиход Европын залуучуудын АШТ-ий 10 000 метрийн зайд уралдаж байжээ.
 


“Би Англид өссөн. Гэхдээ миний гэр бүлийнхэн бүгдээрээ уругвайчууд. Жижигхэн орон болохоор хүмүүс мэддэггүй юмуу мартчихдаг юм шиг санагддаг. Миний хувьд Уругвайн нэрийн өмнөөс уралдана гэдэг хамгийн эрхэм дээд бахархал” гэж өгүүлжээ.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр(59.153.86.212) 2025 оны 09 сарын 15

мэл гайхаад барианд орох уу яах уу гэсэн царайтай байсан шд кккк\n

0  |  0
Зочин(202.9.46.101) 2025 оны 09 сарын 14

Хөгжилтэй юмаа юу ч бодолгүй сайхан гүйчихсэн чинь мeдаль . Царай нь бүүр гайхсан байртай хэ хэ.

0  |  0
Top