Барианы өмнөх 30-40 метрт араас нэгэн бүгдийг гүйцэн, цойлон барианд орсон нь Ямайкийн Облик Севилл байлаа. Сүүлийн хоёр ДАШТ-ий хүрэл медалиас мултарч, хоёуланд нь дөрөвдүгээр байр эзэлсэн тэрбээр Парисын олимпын наадмын хагас шигшээд хамгийн хурдан цаг үзүүлсэн ч гэлээ шөрмөсний бэртлийн улмаас финалын гүйлтэд хамгийн сүүлд орсон юм.

Хурдан ч гэсэн азгүй, магадгүй бүр мөнхийн бүтэлгүй гэгдээд байсан Облик Севилл Токиогийн замд бэрхшээл сорилтыг Кишанэ Томпсон, Ноа Лайлс нарын хамт ардаа орхиж, түрүүлж чадлаа.

“Хөнгөн атлетик бол биеийн болоод сэтгэлзүйн хүчин зүйлээс хамаардаг. Гэхдээ үнэндээ би сүүлийн хэдэн жилд биеийн гэхээсээ сэтгэлзүйн тал дээр илүү сайжирсан. Усэйн Болт 100 метрт түрүүлснээс хойш Ямайкаас Дэлхийн аварга болсон нь үгүй. Харин би алтан медалийг эргүүлээд эх оронд нь аваачиж байна” хэмээн Облик Севилл бардам мэдэгдлээ.

Кишанэ Томпсон 9.82, Ноа Лайлс 9.89 секундын амжилтаар мөнгө, хүрэл медаль зүүв. “Уг нь би түрүүлчихлээ гэж бодтол Севилл хажуугаар гарч ирэхийг хараад “Өө” гэж дотроо санаа алдсан” хэмээн Кишанэ Томпсон өгүүлсэн бол Ноа Лайлс гэмтэл рүү бурууг чихжээ. “Улирлын дундуур бэртчихнэ гэж яаж төсөөлөхөв. Гэмтлээс болоод яаруу бэлтгэх шаардлагатай болсон. Финалд чадахаараа л гүйхийг хичээлээ. Гэхдээ энэ улиралд би хэзээ ч харамсахгүй” хэмээн Ноа Лайлс өгүүлсэн байна.

Дэлхийн аварга Облик Севилл 10 настайдаа ээжээсээ “Би Усэйн Болтын дасгалжуулагч Глен Миллсийн удирдлага дор бэлтгэл хиймээр байна” гэж гуйсан гэдэг. Ээж нь ч хүүгийнхээ хүслийг биелүүлжээ. Тэгвэл энэ удаад Облик Севиллийг Дэлхийн аварга болох агшинг домогт Усэйн Болт харж суулаа.

Сэтгэгдэл ( 0 )