Загребын дэвжээнээс Грек улс чөлөөт бөхийн Дэлхийн анхны аваргаа өлгийдөн авлаа. Тэр бол 23 настай Георгиос Кугиумцидис. Эрэгтэйчүүдийн 79 кг-ын жингийн финалд АНУ-ын Леви Хайнесийг 3:2-оор ялж, түрүүлж чадсан түүнийг “Үзэгдэл” хэмээн хочлох болжээ.
“Дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирч буйгаараа бахархаж байна. Миний мөрөөдөл биеллээ. Өнгөрсөн жил Олимпын наадамд муу барилдсан. Тиймээс ч энэ жил сайн барилдахыг зорилгоо болгосон. Тэгээд хүссэндээ хүрлээ” хэмээн Грек түмнээ гайхшруулан баярлуулсан бөх өгүүлжээ.

Кугиумцидис Дэлхий дахиныг гайхуулж, түрүүлсэн нь бэлтгэлээ маш сайн хийсний үр шимээс гадна түүний оюун ухаан, ухамсарын түвшин өндөртэй шууд холбоотой гэж зарим хэвлэлүүд онцолжээ.
Грек залуу гурван жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Бурханы авралаар би энэ амьдралдаа өлсөж цангаж үзсэнгүй. Идэх хоолтой, амьдрах гэр оронтой. Өөр нэг их юм хүнд хэрэггүй шүү дээ. Ийм байхад л болоо гэж боддог. Мөнгө бол миний хувьд зорилго биш. Аятай тухтай амьдрахад хэрэгтэй болохоос тийм чухал юм биш.

Бөхөөр хичээллэж, амжилтын төлөө зүтгэдэг маань мөнгөний төлөө биш юм. Харин түүх бүтээх, нэрээ мөнхлөхийн төлөө. Мөнгө бодож барилдаж байгаа бол чи амжилтад хүрэхгүй. Мэргэжлийн спортоор хичээллэж буй хүн зөвхөн мөнгө олох ганцхан зорилготой бол чи мөнгө ч олохгүй, мөн амжилт ч гаргахгүй. Тамирчдын ихэнх нь түүхэнд нэрээ үлдээхийг мөрөөддөг. Мэдээж, мөн эх орныхоо нэрийг цуурайтуулж, төрийн далбааг мандуулахыг хүсдэг” хэмээн Кугиумцидис өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 3 )
Үнэхээр өндөр түвшний залуу байна. Мөнгөөр бүхнийг хэмжигчид үүнийг энэ насандаа ойлгохгүй.
Мөнгө, мөнгө, чөлөөт нэрээ манхрүүлдэг, түүх бүтээдэг том спорт ч биш, байгаа ч үгүй, болох ч үгүй, сайхан туудаг гар байна
Хаха, мөнгө боддоггүй бөх битгий хэл хүн ч байхгүй байх оо, орчин үеийн спорт чинь мөнгөн дээр л тогтож байгаа биз дээ