Баривчлагдаж шуугиулсан Снайдер Дэлхийд дөрөв дэхээ түрүүлж чадлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 17

Чөлөөт бөхийн 97 кг-ын жинд АНУ-ын бөх, Олимпын аварга, Дэлхийн гурав удаагийн аварга Кайл Снайдер Загребын дэвжээнд Ираны Амир Али Азарпираг ялснаар дөрөв дэхээ түрүүлж чадлаа. Олимпын нэг алт, нэг мөнгө, ДАШТ-ий дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай болсноор дэлхийн хамгийн том тэмцээнээс хүртсэн медалийнхаа тоог хоёр оронд хүргэв.  

Ердөө хэдхэн сарын өмнө цагдаад таагүй байдалтайгаар баривчлагдаж, ДАШТ-ийг зорих эрхийн төлөө барилдах эсэхээ ч шийдээгүй явсан Кайл Снайдер ийнхүү Дэлхийд дархан аварга болж чадсан юм.

 

 

Эхнэр, хүүхэдтэй алдартай бөх зуучлагчаар дамжуулан биеэ үнэлэгч авахаар тохирч, зочид буудлын өрөөнд өмдөө тайлчихсан хүлээж байхад нь цагдаа нар дайран орж, баривчлан авч явж буй бичлэг тавдугаар сарын сүүлчээр цацагдсан юм.

“Би шигшээгийн тамирчин хүн байна” гэж хэлэх тэрхүү “этгээдийг” Снайдер гэдгийг удаж төдөлгүй олон хүн таньсан. Цагдаа хүртэл таньсан уу, эсвэл зүгээр хүн чанартай хандая гэж бодсон уу “Та өмдөө өмсчих. Олны өмнө өмдгүй тууж гаргамааргүй байна” хэмээн өмдийг өмсүүлж авч гарсан. Цагдаа нар зуучлагч гэх өгөөш тавьж, нэг дор олон хүнийг баривчлахад Кайл Снайдер “урхинд” орсон нь тэр байлаа.

 

 

Хэсэг хугацааны дараа шүүх хурал болж, хэдэн зуун ам.доллараар торгосноор хэргийг эцэслэн шийдэж, Кайл Снайдер ДАШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахаар шийдсэн байна. “Энэ жил урд жилүүдийнхээсээ илүү их бэлтгэл хийсэн. Дэлхийн аваргад барилдаан бүр хүнд болдог. Даваанаас даваанд өрсөлдөгч чангарч, улам хүнд болдог. Жилээс жилд барилдах бүртээ улам хүнд хэцүү болж буйг мэдэрсээр л байгаа. Одоо АНУ-ын шигшээд багтах ч хэцүү болсон шүү дээ.

Хамгийн гол нь байнгын тогтмол бэлтгэлээ хийх. Тэгээд даруухан байх. Ажиллаж хөдөлмөрлөх л ёстой гэдгийг ойлгож байгаа. Энэ жил би урьд байгаагүйгээрээ их хичээж, бэлтгэл хийсэн юм шиг санагдаж байна. Цаашид ч энэ янзаараа бэлтгэл хийгээд байхыг эрмэлзэнэ.

 

 

Хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгаж, дэмжсэн хүмүүст баярлалаа. Би Исүс болон гэр бүлдээ цаашид бүх анхаарал, сэтгэлээ зориулах болно. Миний зам ингээд төгсөж байгаа юм биш ээ” хэмээн 29 настай Снайдер өгүүлжээ.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар гурван жилийн дараа АНУ-ын Лос Анжелест буюу эх орондоо болох олимпын наадамд оролцохыг хүсч байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.9.46.245) 2025 оны 09 сарын 22

Энэ улсад ч биеэ үнэлэгчид фб, интернетээр ил цагаан биеэ үнэлээд байдаг. Хориотой гэдэг ч огт тоодоггүй. Хуурай хуультай орон.

1  |  0
Иргэн (66.181.186.107) 2025 оны 09 сарын 21

Ираны тамирчин амиа хоролхоос наагуур юм болсон шүү!!!

0  |  0
Top