Т.Энхжин Дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 18

Хорватад зассан Дэлхийн аваргын дэвжээнээс өчигдөр Т.Алтжин хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр Т.Энхжин мөн хүрэл медаль хүртэж, хөдөлмөр хөлснийхөө үр шим, баяр баясгаланг мэдэрч, багшийгаа баярлуулж, ард түмнийхээ сэтгэлийг догдлууллаа.

Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан 22 настай Түвшинжаргалын Энхжин шөвгийн 16-д Чилийн Виржиниа Хименес Фернандешийг оноогоор цэвэр ялаад, шөвгийн наймд Энэтхэгийн Вайшнави Патилыг цэвэр дарж, ялсан.

Харин шөвгийн дөрөвт ОХУ-ын Алина Касабаевад ялагдсан. Ингээд хүрэл медалийн төлөө АНУ-ын Мэсэй Эллен Кильтийг 4:2-оор ялж, Дэлхийн медальтан боллоо.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд ялчихаад шүүгч нарт талархлаа илэрхийлэн гар барьж, гардсан багш, Монголын чөлөөт бөхийн түүхэнд өвөрмөц онцгой барилдаанаараа зартай, алдарт бөх Ц.Цогтбаярт гүйж очоод “Баярлалаа, багшдаа” гэж хэлсэн. Нулимс дуслуулан шавьтайгаа адил баярласан багш нь “За, одоо уйлахгүй шүү” гэж дэвжээнд эргүүлж гаргаад, ялалтын баярыг хийлгүүллээ. Дэвжээнээс буухад багш дасгалжуулагч Ц.Цогтбаярт “Тортоо идэх үү?” гэхэд “Идье” хэмээн эрхэлсэн баярласан өнгөөр хэлэх нь шууд дамжуулалтаар тод сонстлоо. Та бүхэн бичлэгийг үзээд харж, сонсоно биз ээ.

Маргааш Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдах болно. Одоогоор Монголын баг тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медальтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top