Гаут Гаут 20-оос дотогш гүйсэн таван тамирчинг гүйцэх шаардлага тулгарав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 18

Японы нийслэл Токиогийн Үндэсний стадион хөнгөн атлетикийн их гэр болоод хэд хонож байна. Энд тив бүрийн шилдгүүд чуулж, хэн нь вэ гэдгээ ана мана үзэж буй дотор Өмнөд Судан гаралтай Австралийн нэрийн өмнөөс анх удаагаа Дэлхийн замыг мэдэрч буй 17 настай Гаут Гаут байна.

Гаут Гаут ямар ч байсан эхний сонгон шалгаруулах шатыг даваад, хагас шигшээд гарчихсан. Гэвч одоо финалд шалгарахын тулд Токиогийн замд 20 секундээс дотогш гүйж харуулсан таван тамирчинг гүйцэх, тэдэнтэй өрсөлдөх шаардлага тулгарлаа.

Австралийн түүхэн дээд амжилтыг тогтоож, Усэйн Болттой жишигдсэн 12 дугаар ангийн энэ хүү эхний уралдаандаа 20.23 гүйж, гуравт орсоноор хагас шигшээд шалгарч чадсан юм. Дэлхийн аваргад ирсэн зорилгоо хувийн дээд амжилтаа тогтоох гэж хэлсэн Гаут Гаут өнгөрсөн дөрөвдүгээр сард 200 метрт 19.84 секунд гүйсэн ч салхи 2.2 метр/секундтэй байсан тул албан ёсны дүнд тооцоогүй юм.

“Миний зорилго 20-оос дотогш гүйх. Хагас шигшээд юу болохыг харж байя. Зүгээр л зам дээр гараад, яг морь шиг давхиж, салхи шиг шууръя. Ер нь би сайн гарахыг хичээгээд, нэгэнтээ гараанаас гарчихсан хойноо бол эрвээхэй шиг дэвэн дэлж эхэлдэг” гэж залуу тамирчин хэлжээ.

Гаут Гаутаас мэдээж, одоохондоо Дэлхийн аварга болох, Дэлхийн дээд амжилт тогтоохыг хүлээхгүй. Харин ирээдүйд, тухайлбал 2030-аад онд шандас шөрмөс нь бүрэн чангарч, туршлага хангалттай хуримтлуулсаныхаа дараа домогт Усэйн Болтын дээд амжилтыг эвдэж магадгүй гэх таамаглал байгаа юм. Дээд амжилт бол эвдэгдэх гэж л байдаг эд болохоор хүн төрөлхтөн Болтын гайхамшигтай дээд амжилтыг хэн эвдэх бол? гэсэн хүлээлттэй гүйлтийн зам руу ширтээд эхэлчихсэн.

“Мэдээж, надаас ихийг хүлээх болно. Мөн хаана ч явсан хүн бүр анзаарна. Гэвч би рингэнд гардгаараа гарч, хийдгээ л хийх ёстой. Мөн таашаал мэдрэхийг хичээх болно. Энд ирээд Дэлхийн шилдэг 24 гүйгчтэй хамт байгаадаа их баяртай байна. Надад маш том туршлага болно” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top