Мөнхийн дээд амжилт руу Маклафлин-Леврон дөхөж “сандаргав”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 19

Японы нийслэл Токиогийн Үндэсний стадионд Олимпын дөрвөн удаагийн аварга, АНУ-ын 26 настай тамирчин Сидни Маклафлин-Леврон мөнхийн гэж тодотгон нэрлэдэг түүхэн дээд амжилт руу дөхөж очлоо.

 

 

Хөнгөн атлетикийн түүхэнд домогт Флоренс Гриффит-Жойнерийн 100 болон 200 метрийн зайд тогтоосон дээд амжилтыг мөнхийн гэж үздэг. Учир нь одоо хүртэл энэ амжилт руу дөхөх тамирчин гараагүй байна. Мөн 400 метрийн зайд 1985 оны аравдугаар сард Зүүн Германы Марита Кохын тогтоосон 47.60 секундын дээд амжилт руу дөхөж очсон нь үгүй. Ядаж 48-аас дотогш гүйсэн тамирчин ч 40 жилийн турш гараагүй юм.

 

 

Тэгвэл өчигдөр Токиогийн замд Сидни Маклафлин-Леврон түүхэн амжилтыг “сандаргаж”, 47.78 секунд гүйлээ. Кохын дээд амжилтад дөхөх ч хүн олдохгүй байсан болохоор допинг хэрэглэснээ нуусан гэх яриа байдаг юм. Тэгвэл Парисын олимпын аварга, Доминиканы БНУ-ын тамирчин Марилэйди Паулинотой ана мана өрсөлдөн гүйсний ачаар Маклафлин-Леврон дээд амжилт руу тун дөхөв. Паулино ч 47.98 секунд гүйж, сайн хугацаа үзүүллээ.

 

 

“Би бэлтгэлдээ итгэсэн юм. Ийм хугацаанд гүйж чадна гэж мэдэж байсан. Энэ бол цаг хугацааны асуудал байсан. Дасгалжуулагч надад боксын хэллэгээр ойлгуулахаар хэлэхдээ “Чи аваргын бүсийг авах ёстой. Одоогоор тэр чинийх биш байна. Чи авахдаа авсан шиг авах ёстой” гэсэн юм” хэмээн Маклафлин-Леврон өгүүлжээ. Маклафлин-Леврон саадтай гүйлтээр олимпод хоёр түрүүтэй, мөн буухиагаар хоёр түрүүтэй бөгөөд 400 метрийн дардан замд хурдаа сорихоор шийдсэн нь ийм амжилтад хүргэлээ.

 

 

Хүрэл медаль хүртсэн Сальва Эйл Насер ч мөнхийн гэх амжилтыг зуурдынх болгож чадна гэдэгт итгэж эхэлснээ ярьсан байна. “Ойрын хугацаанд 400 метрийн дээд амжилт эвдэгдэх байх. Урд нь би ингэж бодож байсангүй. Харин өнөөдрийн гүйлтийн дараагаар удахгүй эвдэгдэх юм байна гэдгийг ойлголоо” хэмээн өгүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top