Хөнгөн атлетикийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 200 метрийн зайн гүйлтэд Ноа Лайлс түрүүлж, Дэлхийн аваргын дөрөв дэх алтан медалиа зүүлээ.
Тэрбээр финалын гүйлтэд 19.52 секунд хурдалсан юм. “200 метрийн зайд Дэлхийд таван удаа түрүүлсэн цор ганц хүн болохоо тэсэн ядан хүлээх болно” хэмээн Ноа Лайлс өгүүлсэн байна. Дөрвөн удаа түрүүлснээр домогт Усэйн Болтын амжилттай эн зэрэгцэж байгаа юм. Тиймээс хоёр жилийн дараа болох дараагийн ДАШТ-д мөн зайдаа түрүүлчихвэл түүхэнд байгаагүй амжилтын эзэн болох учиртай.

“2027 оныг хүлээж тэвчихгүй нь ээ. 2021 оны Токиогийн олимпоос надад муу л дурсамж үлдсэн байлаа. Тэгэхэд үнэхээр сэтгэл санаагаар унаж орхисон. Харин энэ удаад эрч хүчээр дүүрэн байна. Би хийж буй зүйлдээ хайртай дуртай. Тэгээд ч намайг гайхамшигтай сайхан дэмждэг хамгийн сайн дэмжигчид бий. Ийм дэмжигчидтэй байхыг тамирчин бүр л мөрөөддөг.

Токиогийн зам, энэ амжилтаа бодохоор магнай тэнийж байна. Ийм сайхан дурсамжаа насан туршдаа хадгалж, санаж явах болно. Одоо буухиа гүйлтэд дахиад нэг алт авчихмаар” байна Лайлс ярьжээ.

Аман хүзүүнд АНУ-ын Кенни Беднарек 19.58 секундын амжилтаар орлоо. Харин гуравдугаар байрт Ямайкийн Брайан Левелл орж чадлаа. Олимпын аварга Лецилэ Тебого өвдгөндөө зовиуртай байгааг ашиглан өмнүүр нь орж дөнгөсөн юм. Тавдугаар байрыг Их Британийн Жарнл Хьюз эзэлжээ.

“Өрсөлдөгчдөө би сайн судалсан. Тэд бүгдээрээ нэг алдаатай. 150 метр орчим гүйгээд удааширч, хурд нь унаж эхэлдэг. Харин минийх өөр. Бариа дөхөх тусам хурдаа нэмэхээр шийдсэн. Энд хамгийн гол нь ерөөсөө л тэвчээр. Уралдааныг бүрэн хяналтандаа байлгаж, зарим нь сандарч, түгшиж байхад би тайван, хэрсүү байж чадлаа” гэж Ноа Лайлс өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )