Японы Токио хотноо болж буй хөнгөн атлетикийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд мөнгөн медаль хүртсэнийхээ дараа Их Британийн тамирчин бүсгүй Эми Хант өөрийгөө “Хөнгөн атлетикийн дагина” гэжээ.

Кембрижийн Их сургуулийг төгссөн 23 настай Эми Хант эмэгтэйчүүдийн 200 метрийн зайн гүйлтэд АНУ-ын Мелисса Жефферсон-Вүдэнийн араас аман хүзүүдэж, мөнгөн медаль дээр буусан юм. Энэ бүсгүй 2019 онд 18 хүртэлх насны тамирчдын Дэлхийн дээд амжилтыг тогтоож, Vogue сэтгүүлээс “Ирээдүйн аравны нүүр царай” гэх тодотголыг хүртэж байжээ.

Гэвч дээд амжилт тогтоож, дэлхийд зартай сэтгүүлээр магтуулсныхаа дараахан хүнд бэртэж, өвчин тусаж, сэтгэл санааны хувьд ч маш хэцүү байдалд орсоноор хэдэн жилийг алдсан байна. Магадгүй бүр тамирчны замналаа үргэлжлүүлж чадахааргүй мэт болж байжээ.

“Амжилтаараа бахархаж байна. Гараанд гарахаас хэдхэн минутын өмнө тэнгэрт дэвшсэн өвөөгийнхөө тухай бодож байлаа. Өвөө минь өнөөдөр намайг тэнгэрээс тэтгэсэн гэдэгт итгэж байна. Хэцүү үетэй тулгарч үзсэн ч гэлээ би хялбар замаар явъя гэлгүй хэцүү замаараа үргэлжлүүлэн урагшилсан.

Кембрижид элсэн суралцсан маань ч гэсэн бусад охид бүсгүйчүүдэд боловсролоос татгалзах ёсгүй шүү гэдгийг харуулж, ойлгуулах гэснийх юм. Хичээл сурлагадаа сайн байхын зэрэгцээ мөн хөнгөн атлетикийн дагина байх боломжтой гэдгийг харууллаа. Хүн хүсвэл юуг ч чадна гэдгийг харуулсаар ирлээ.
Барианд ороод ээжийгээ хармагц л нулимс минь аяндаа урсчихлаа. Инээж, уйлж ханах шинжгүй байна шүү” хэмээн Эми Хант өгүүлжээ.
Кембрижийн Их сургуулийн Английн утга зохиолын ангийг төгссөн юм байна. Ингээд хичээл сургууль, гэмтэл бэртлийн асуудлуудаа цэгцэлснийхээ дараагаар эргэн гүйлтийн замдаа гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )