Оскар Писториус хөнөөсөн найз бүсгүйтэйгээ тун адилхан нэгэнтэй амрагууд болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 22

Илдэн дээр гүйгч хэмээн алдаршсан Өмнөд Африкийн паралимпын тамирчин Оскар Писториус 2013 оны Гэгээн Валентины өдөр найз бүсгүй Рива Стэнкампыг гэртээ буудан хөнөөснөөс хойш 12 жилийн дараа түүнтэй тун адилхан бүсгүйтэй амрагууд болжээ.

Писториусийн шинэ бүсгүйг Рита Грейлинг гэх бөгөөд Өмнөд Африкийн хамгийн баян фермерчийн охин гэнэ. Тэднийг Уотерклуфт байрладаг Goddess Cafe-д хамтдаа нэг нэгнээсээ хараа салгаж чадахгүй шахам суухыг хүмүүс харсан байна. Шинэ бүсгүй нь Рива Стэнкамптай тун төстэйг харсан хүмүүс ам уралдан хэвлэлийнхэнд ярьсан аж.

Оскар Писториус гэмт этгээд халдлаа хэмээн түгшихдээ хаалганы цаанаас гал нээсэн нь найз бүсгүй Рива Стэнкампыг шархдуулж, улмаар амьсгал хураасан юм. Хүн амины хэрэг гарах мөчид хоёулаа л байсан болохоор Илдэн дээр гүйгчийн үгээр үг хийхээс өөр аргагүй байдалд орсон. Найз бүсгүйгээ хөнөөсөн Писториус шоронд үлгэр жишээч хоригдлуудын нэг гэгдэж хугацаанаасаа өмнө буюу 2024 оны нэгдүгээр сард суллагдсан юм. Суллагдмагцаа биеийн бэлтгэлдээ орж, уралдаан тэмцээнд бэлдэж эхэлсэн.

Харин Рива Стэнкампын 78 настай ээж нь цус харваж, сүүлийн хэдэн долоо хоногийн турш бие нь их мууджээ. Охиноо ч санахгүй байгаа гэж ойрынх нь хүмүүс ярьсан байна. “Юу ярьж буйг нь ойлгож чадахгүй байгаа. Өөрийнхөө ч нэрийг мартсан гэсэн. Ер нь өвчин их хүндэрсэн. Тархи нь эргэж сэргэхээргүй ч болсон байж мэднэ” гэж гэр бүлийн гэх найз нь хэвлэлд ярьжээ.

Рива Стэнкампын аав Барри охиноо алдсаныхаа дараа Оскар Писториусаас библи дээ гараа тавьж байгаад “Би таны охиныг хөнөөе гэж бодоогүй. Санаандгүй эндүүрэл болсон” гэж хэлэхийг шаардсан ч хүсэлтийг нь биелүүлээгүй гэдэг. Үүний дараагаар Писториусийг Барри нарийн тооцоотой, хүйтэн цустай алуурчин гэж “цоллох” болсон билээ.

Ривагийн ээж Жун тэр аймшигт хэргийн дараагаар хохирогч эмэгтэйчүүдэд туслах сан байгуулж, охиныхоо хэлэх байсан үгс, хийх байсан ажлыг хийнэ гэж зүтгэсэн юм. Гэвч цус харваж бие нь муудаад байгаа ажээ.

Харин Оскар Писториус шинэ бүсгүйтэйгээ шинэ амьдралаа эхлүүлж, мөдхөн хуримын сураг чимээ ч дуулгаж магадгүй болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top