Токиогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Кенийн тамирчид долоон алтан медаль хүртэж, гялалзлаа. Гэвч энэ улсын тамирчид олноороо допинг шинжилгээнд ээлжлэн бүдэрсээр байгаа нь тэнд бүх юм цэвэр биш байгааг илтгэж, гялалзсан амжилтад сүүдэр унагасаар байна.
Кени тамирчдын хувьд ядуурлаас ангижирч, гэр бүлээ тэжээх цорын ганц боломж нь хөнгөн атлетик болоод уджээ. Хязгаартаа тулж, арга барсан тамирчид сайхан амьдралын төлөө заагийг давж, хоригийг үл ойшоон допинг хэрэглэсээр байгаа юм.

2017 оноос хойш энэ улсын 140 тамирчин допингийн шинжилгээнд бүдэрч, тэмцээнд оролцох эрхээ хасуулсан байна. Эдгээрийн ихэнх нь холын зайн гүйлтийнхэн.
“Яагаад бид гүйдэг вэ гэхээр гэр бүлээ тэ жээх гэж, ядуурлаас салахыг л хүсдэг юм. Цорын ганц боломж нь болохоор ямар ч аргаар хамаагүй амжилтад хүрэх гэж улайрсандаа допинг хэрэглэх нь олон” гэж Бостоны марафонд гурван удаа түрүүлсэн Кенийн тамирчин Ибрагим Хусэйн Кипкемтбой өгүүлжээ.

Допинг хэрэглэсэн тогтоогдсон тамирчид дотор 2016 оны Олимпын наадмын марафоны түрүү Жемима Сумгонг, Дэлхийн дээд амжилтын эзэн Рут Чепнгетич, Парисын олимпын 10 мянган метрийн зайн гүйлтийн тавдугаар байрын шагналт Бенард Коэч нарын нэр бий.
“Үнэндээ хяналтаас гарчихсан. Яагаад гэвэл допингийн эсрэг хангалттай сайн ажиллаж чадахгүй байна. Яаж ажиллах ёстой вэ? гэвэл ДОХ-ын эсрэг тэмцсэн шиг тэмцэх хэрэгтэй” хэмээн Кенийн сэтгүүлч Питер Нженга ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн Допингийн Эсрэг байгууллагаас Кенийн талд дүрэм журмыг сахиулахыг хатуу анхааруулж, гурван долоо хоногийн хугацаа өгчээ. Хэрвээ энэ хугацаанд допингийн эсрэг шийдэмгий идэвхтэй ажил хийхгүй бол тамирчдыг нь тэмцээнд оролцохыг хориглоно гэдгийг ч дуулгав.
Кенийг хангалттай тэмцсэнгүй гэж үзвэл 2029, 2031 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ийг эх орондоо зохион явуулах хүсэлтээс нь шууд татгалзахаас гадна олон улсын тэмцээнд оролцуулахгүй.
Кенийн төр засаг сүүлийн таван жилийн хугацаанд допингтой тэмцэх ажиллагаанд 25 сая ам.доллар зарцуулсан гэж мэдэгдсэн юм. Допингийн шинжилгээний тоо 2016 онд 400 байсан бол өнгөрсөн жил 4000 болгож нэмсэн. Гэвч шинжилгээний тоо ихсэх тусам Кени “хар жагсаалт”-д улам л шигдсээр байна.

Спортын яам нь сүүлийн жилүүдэд допингийн эсрэг тэмцэлд нэгдсэн ч гэлээ одоогоор илэрхий амжилтад хүрсэнгүй. “Манай тамирчид Дэлхийн дээд зэрэглэлийнх. Түүн шиг бидэнд Допингийн эсрэг Дэлхийн дээд түвшинд ажиллаж чаддаг байгууллага хэрэгтэй” гэж Кенийн Допингийн Эсрэг Үндэсний агентлагийн тэргүүн Бретт Клодье мэдэгдээд байна.

Токиогийн ДАШТ-д Кенийн баг тамирчид 7 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, АНУ-ын баг тамирчдын дараагаар хоёрдугаар байрт орсон.
“Допинг манай улсын хөнгөн атлетикийн үндэс суурийг идэж, ялзруулж байна” хэмээн сэтгүүлч Нженга ний нуугүй хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )