Нийт шүүгчийн III чуулган хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганд 498 шүүгч биечлэн оролцож байгаа бөгөөд өнөөдөр (2025.10.10) Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонслоо. Ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг танилцуулав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд анхан болон давж заалдах шатны бүх шүүхэд ажиллаж, 1350 гаруй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, шүүхийн бодит нөхцөл байдалтай биечлэн танилцаж, түүний үр дүнг хэлэлцэн, бүрэн эрхийн хугацаанд хийх ажлаа тодорхойлж, бодлого, үйл ажиллагааны чиглэлээ тогтоосон байдаг. Тодруулбал “Шүүхийн бие даасан байдлыг хангах”, “Шүүхийг хүний нөөцөөр хангах”, “Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, “Шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах”, “Мэдээллээр хангах” гэсэн 5 чиг үүргийн хороог байгуулан ажиллаж, тус чиг үүргүүдийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудыг тоймлон танилцуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )