“Anuxai’s fitness-4” шоуны сонгон шалгаруулалтад 3000 гаруй бүсгүй хүсэлтээ ирүүлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 10 сарын 29

Монголын хамгийн олон үзэгчтэй спортын реалити шоу нэвтрүүлгийн нэг болох нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг олон нийтэд сурталчлах, эрүүл чийрэг бие бялдрыг төлөвшүүлэх, уриалах зорилготой “Anuxai’s fitness”  шоу төслийн шинэ цуврал 10-р сарын 30-наас үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

Хувьслын үйл явцыг өөрсдийн биеэр туулж, олон нийтийг байлдан дагуулахад шоу нэвтрүүлгийн оролцогчид чухал нөлөөтэй байдаг.

Тиймээс ч нэвтрүүлгийн багийнхан шоуны шинэ цувралд салбар бүрд өөрсдийн нөлөөллийг тогтоосон, зан араншин,  ажил мэргэжил, бие бялдраараа эрс ялгарах, үе үеийн төлөөлөл болсон таван бүсгүйг шоу төслийн оролцогчоор сонгожээ.

Тэдгээр таван оролцогч дээр нэмэгдэх буюу олон нийтийн төлөөлөл болсон нэг оролцогчийн сонгон шалгаруулалтыг 4 үе шаттай зохион байгуулж буйг төслийн багаас мэдээллээ.

Олон нийтийг төлөөлөх оролцогч сонгох 1-р шатны Нээлттэй сонгон шалгаруулалтад өөрчлөлтийг өөрийн биеэр мэдрэхийг хүссэн 3000 гаруй зоримог бүсгүй танилцуулгаа илгээж, шоу нэвтрүүлгийн нэгэн дүр болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Тэдний дунд зохион байгуулсан 2-р шат буюу Урьдчилсан шатны шалгаруулалтад хүсэл тэмүүлэл, амьдралын хандлагаараа онцгойрсон 60 бүсгүй шүүгчидтэй нүүр тулж уулзах эрх авна.

“Anuxai’s fitness-4” шоу нэвтрүүлгийн зургаа дахь оролцогчийг үзэгчдийн дундаас тодруулах Сонгон шалгаруулалтын 1, 2-р шатны үйл явцыг толилуулах нэвтрүүлэг маргааш буюу аравдугаар сарын 30-ны Пүрэв гарагт 20:30 цагаас үзэгчдэд хүрэх бол 3, 4-р шат буюу шоу нэвтрүүлэгт Олон нийтийг төлөөлөн өрсөлдөх эрхийн эзэн тодрох онцгой дугаар арваннэгдүгээр сарын 3-ны даваа гарагт ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болох нь ээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top