Биеийн тамир, фитнесийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, нийгэмд нөлөөлөгч "ANUXAI’S FITNESS" үндэсний шоу нэвтрүүлэг өнөөдөр “НЭЭЛТИЙН ДУГААР”-аа цацахад бэлэн болжээ.
"Anuxai’s fitness" шоуны 4-р бүлэгт салбар бүрд өөрсдийн нөлөөллийг тогтоосон, зан араншин, ажил мэргэжил, бие бялдраараа эрс ялгарах, үе үеийн төлөөлөл болсон таван бүсгүйг шоу төслийн оролцогчоор сонгосон нь Япон улсын иргэн, бизнес эрхлэгч Ибукуро Томоко, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг, “Уянгатай наадам” дуугаараа олны талархлыг хүлээсэн, дуучин Б.Хишигжаргал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Ариунаа, Контент бүтээгч П.Хишигбуян нар болохыг шоу нэвтрүүлгийн багаас зарлаад байна.

Олны танил, олон нийтийн анхааралд байдаг эдгээр таван оролцогч дээр нэмж, зургаа дахь оролцогчийг сонгохдоо олон нийтийн дунд Нээлттэй сонгон шалгаруулалтыг 4 үе шаттай зохион байгуулсан ба Онцгой байдлын албаны Дуудлага хүлээн авагч С.Уранзаяа энэхүү шалгаруулалтад тэргүүлжээ.
Нээлттэй сонгон шалгаруулалтад 3000 гаруй бүсгүй хүсэлт илгээснээс Шүүгчдийн баг 6 бүсгүйг авч үлдэн, тэднээс дахин шигшиж, ийнхүү С.Уранзаяа Олон нийтийг төлөөлөх оролцогчоор шалгараад байна.
Олон нийтийг төлөөлөх оролцогч сонгосон Нээлттэй сонгон шалгаруулалтын тухай хоёр тусгай дугаарыг өнгөрсөн долоо хоногт толилуулсан бол өнөөдөр "Anuxai’s fitness-4" шоу нэвтрүүлэг Нээлтийн дугаараа албан ёсоор цацаж, энэ бүлэгт өрсөлдөх үндсэн зургаан оролцогчийн өрсөлдөөнөө эхлүүлэх гэж байна.
Өөртөө өөрчлөлт, амьдралдаа шинэчлэл хийх хүсэлтэй бүсгүйчүүдийн гал гарсан өрсөлдөөнийг харуулдаг "Anuxai’s fitness" үндэсний шоуны өмнөх улирлын ялагчаар олон нийтийг төлөөлөн оролцсон А.Хонгорзул тодорч байсныг сануулъя.
"Anuxai’s fitness" шоуны Нээлтийн дугаар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 6-ны Пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр танд хүрнэ.

Сэтгэгдэл ( 0 )