Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкий тус улсыг Европын Холбооноос гаргахад бэлтгэж байна хэмээн Польшийн Гадаад харилцааны сайд Радослав Сикорский мэдэгдсэн тухай Rzeczpospolita /Речь Посполита/ сонин мэдээлсэн байна.
“Европын нэгдэл нягтрал гэгч нь Польшийн эсрэг хуйвалдаан гэсэн санааг илэрхийлснээрээ Ерөнхийлөгч та Европын Холбоонд ч, Польшид ч тус хүргэхгүй. Та Польшийг Европын Холбооноос гаргах сэтгэл зүйн болон улс төрийн суурийг тавьж байна. Европын Холбоог шүүмжилж болно. Гэхдээ хоёр төрлийн шүүмжлэл байдаг: нэг нь сайжруулахад чиглэж байдаг бол нөгөөх нь гутаах, эвдэхэд чиглэдэг” гэж Сикорский тэмдэглэжээ.
Польш улс Европын Холбооноос гарснаас үүдэх үр дагаврыг сайд анхааруулаад, Польшийн экспортын 75% нь Европын Холбооны гишүүн орнууд руу гардаг гэж онцолсон байна. Тус нэгдлээс гарснаар Польш улс бүтцийн сангуудынхаа санхүүжилтийг алдаж, батлан хамгаалах аж үйлдвэртээ авдаг тусламжийг тасалдуулна гэж Сикорский үзэж байгаа аж.
Польшийн барууны хүчнүүдээс нэр дэвшин ерөнхийлөгчөөр сонгогдсон Кароль Навроцкий арван нэгдүгээр сарын 11-нд үндсэрхэг үзэлтнүүдийн зохион байгуулсан “Тусгаар тогтнолын жагсаалд” оролцсон байна. Уг жагсаалд оролцогчид Европын Холбооны далбааг шатаасан аж. Үүнээс өмнө Польшийн төрийн тэргүүн тус улсын хэд хэдэн улстөрчийг Польшийн эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхийг гаднын байгууллагууд, шүүх болон Европын Холбооны хөтөлбөрүүдэд хэсэгчлэн өгөхөд бэлэн байна хэмээн буруутгаж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )
POLANDUUD EXOLBOONOOS GARAAD HAASHAA YAVAH BE ? KKK YAVAH ZAM YGUI BILEE KK