ХХААХҮ-ын сайд М.Бадамсүрэн Герман улсын нийслэл Берлин хотод ажиллав

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн 2026 оны нэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Герман улсын нийслэл Берлин хотноо ажиллалаа.

Тэрбээр дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын чиг хандлага, инновац, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг нэг дор танилцуулдаг “Олон улсын ногоон 7 хоног” яармаг болон Олон улсын Хүнс, хөдөө аж ахуйн 18 дахь удаагийн форум, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын 18 дахь удаагийн Берлиний бага хуралд  тус тус оролцов.

Энэхүү форум, хэлэлцүүлэгт олон орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын сайд нар, олон улсын байгууллагуудын 80 гаруй удирдлага, төлөөлөгчид оролцож, дэлхийн хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн зохистой ашиглалт, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын асуудлаар санал солилцсон юм. Хэлэлцүүлэгт оролцсон сайд нар дэлхийн хүнсний хангамж, тогтвортой үйлдвэрлэл, байгаль орчны хамгаалал, инновацын дэвшилтэт технологийг хөдөө аж ахуйд нэвтрүүлэх шаардлага үүсээд буй дээр санал нэгдэж, байр сууриа илэрхийллээ.

 

 

Мөн өдрүүдэд ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ХБНГУ-ын Бранденбург муж улсын Хөдөө аж ахуйн сайд хатагтай Х.Миттелштэдт, Саксони муж улсын Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Георг-Людвиг фон Брайтенбух нартай тус тус уулзалт хийж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлох, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, ХБНГУ-ын хөдөө аж ахуйн уламжлалт хоршооны (Genossenschaft) систем, гишүүдийн эдийн засаг, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж буй туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

 

 

ХБНГУ-ын Бранденбург муж улсын Хөдөө аж ахуйн сайдтай хийсэн уулзалтын хүрээнд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Уйлган” хоршоо Бранденбург муж улсын “Унтере Шприйвалд” хоршоотой, Дархан-Уул аймгийн “Шошоолоштон” хоршоо Бранденбург муж улсын “Гроссмар” хоршоотой тус тус Хамтран ажиллах санамж бичиг байгуулж, салбарын мэргэжилтэн залуусыг бэлтгэх дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top