Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Төсвийн санхүүжилтэд уур амьсгал, биологийн олон янз байдал болон жендэрийн уялдааг хангах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0, Үндэсний дасан зохицох төлөвлөгөө болон Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2030)-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн өмнөх чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд тулгуурлан хөдөө аж ахуйн салбарт уур амьсгал, биологийн олон янз байдлын төсөвлөлтийг жендэрийн хариуцлагатайгаар төлөвлөх, хэрэгжүүлэхэд шаардлагатай практик арга зүй, мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ “Уур амьсгал, биологийн олон янз байдал, жендэрийн асуудлыг төсвийн санхүүжилтэд тусгах нь хүнс, хөдөө аж ахуйн салбарыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ сургалтаар яамд болон аймаг, орон нутаг, төрийн байгууллагад уур амьсгалын эрсдэлийг бууруулах, биологийн олон янз байдлыг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд шаардлагатай арга хэрэгслүүдийг танилцууллаа” гэдгийг тэмдэглэлээ.
НҮБ ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао “Монгол Улсын эрсдлийг даван туулах чадавхыг сайжруулахад хүн болон байгаль аль алинд нь бодитой эерэг нөлөө үзүүлэх төсвийн санхүүжилтийн тогтолцоо шаардлагатай. Уур амьсгал болон жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийн чадавхыг бэхжүүлснээр уур амьсгалын амлалтууд, тэр дундаа Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0 зорилтууд бодит санхүүжилт бүхий үр нөлөөтэй үйл ажиллагаа болж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй иргэдэд хүрэх боломж нэмэгдэнэ” хэмээв.
Сургалтад холбогдох яамд, орон нутгийн төрийн байгууллагууд, эмэгтэй фермерүүд, салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон мэргэжлийн холбоодын төлөөлөл 40 гаруй хүн оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )