АН-ын ХУВЬ ЗАЯА тэдний гарт л байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Бидний хувь заяа бидний гарт л байна” гэж С.Зориг хэлсэн шиг Ардчилсан намын хувь заяа одоо тэдний л гарт байна. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, хоёр талцаж, нэгнийгээ “доромжилж” байж, өдөр шувтрахын алдад Ерөнхий нарийн бичгийн даргаа сонголоо. Нэг авах юм нь намын аппаратаа ах нам шиг яралзтал гараа өргөөд нэгэн дуугаар сонгосонгүй. Бусдаар бол авах юм алга. Явж, явж Х.Баттулга ба бусад гэсэн фракцуудын хооронд л өрсөлдөөн боллоо. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйн тулд таван дэд даргаар Н.Ганибал, Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, Ч.Өнөрбаяр нарыг сонгосон юм. Энэ нэрс бол таван фракцын төлөөлөл болсон нэрс. Мартсанаас мал мэнд үү гэгчээр Үндэсний бодлогын хорооны энэ жилийн хуралдаанаар шинэ фракц мэндэлсэн явдал байлаа. “Ардчиллын сэргэлт холбоо” гэх энэ холбооны угшил бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Ингээд Ардчилсан намд шинэ, хуучин хоёр Ерөнхийлөгчийн фракц мэндлэв. Ерөнхий зургаар нь харвал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Ардын намд өгчхөөд 2028 онд хэн нь хэнээсээ төө илүү байж чадахгүй 2016 он шиг эвснээ гэсэн үг. Тохироо бол ийм л болсон.

Тэртээ тэргүй олон фракцтай Ардчилсан нам шинэ, хуучин хоёр Ерөнхийлөгчийн фракцтай боллоо.

Энэ нийтлэлийг бичиж байх зуур Ардчилсан намын УИХ дахь бүлгийн даргад Б.Түвшин, Х.Тэмүүжин нар нэр дэвшээд Б.Түвшин нь дөрвөн хүний саналаар илүүрхлээ. Ташрамд дурдахад Б.Түвшин нь шинээр байгуулагдаад буй “Ардчиллын сэргэлт холбоо” фракцын хүн юм. Уг нь бол улс төрийн замнал, сайд хийж байсан туршлага, дараалал логикоор асуудалд шүүмжлэлтэй ханддаг байр суурь зэргийг нь харсан ч Х.Тэмүүжин нь илүү байсан. Гэвч фракц хоорондын тохироо нөлөөлчих шиг боллоо. Ер нь Ардчилсан нам зөв хүмүүсээ, зөв албан тушаалд сонгож томилдоггүй нэг гэм бий. Хэрвээ та дээр дурдсан Ардчилсан намын таван дэд даргыг харвал энэ бүр ойлгомжтой болно. Спортоор бол зөв байрлал дээр зөв хүнийг тавьж байж Ардчилсан нам сонгуульд амжилттай оролцоно. Яг арван жилийн өмнө 2016 оны сонгуульд тэд чухам ийм шалтгаанаар сонгуульд ялагдсан. Өмнөх сонгуулийн холимог системийн авралаар засаг атгах хувь заяатай болсон Ардчилсан нам үүнийхээ горыг өнгөрсөн жилүүдэд хангалттай амссаар байна. Ардчилсан нам уг нь залуу улстөрчдөөр шангаа татаж байсан түүхтэй нам. Гэтэл тэд эрийн цээнд хүрмэгцээ эрх мэдлийн цулбуурыг хэн нэгэнд өгөх туйлын дургүй болсон. Чухам тийм учраас залуучуудад боломж олгоочээ гэж одоогийн залуус нь гуйж нэг, шаардаг нэг үзсэн. Даанч талаар боллоо.

Ер нь Ардчилсан намд зөв хүмүүсээ, тохирсон албан тушаалд сонгож томилдоггүй нэг гэм бий.

“Урд шөнө хар дарж зүүдэллээ
Урт гар намайг зовооно...”

Энэ бол ардчиллын дуун гэгддэг “Хонхны дуу”-ны тэргүүн мөрүүд. Гэвч мөнөөхөн урт гар нь ардчилал гэх автортой том намыг зовоосоор байгаа нь нүцгэн үнэн. Зовоох, зовоохдоо нам дотор нь шинэ фракц байгуулж зовоож байна. Чухамдаа энэ дуугаар хэнийг сэрээж орхисон бэ гэдгээ ардчилсан намынхан бодох цаг болжээ. Ардчилал гэдэг бол ил тод, нээлттэй, эрх чөлөөтэй, хэн нэгэн хүний амьдрал хэн нэгний автороор зурагддаггүй тийм нийгмийг хэлнэ. Өнөөдөр фракц болж толхилцоод байгаа субъектууд 30 жилийн өмнө чухамдаа үүний төлөө тэмцсэн. Гэвч эрх мэдлийн төлөө фракцаа, намаа, үзэл баримтлалаа ч мэдэхээ байсан нь “ардчилал” гэдэг бол чухамдаа “сөрөг хүчин” юм гэсэн ойлголтыг төрүүлээд байна. Хэрэв үнэхээр ардчиллын төлөө л байдаг юм бол энэ намын даргын төлөө хэн ч өрсөлдөх эрхтэй. Гэтэл дэвшиж болох, болохгүйг шийддэг эрх мэдэл хэн нэгний гарт орж. Хэрэв ойрын 30 жилдээ мөнхийн сөрөг хүчин байх гээгүй л юм бол коммунист системд ардчиллыг төсөөлөөд, түүгээрээ эрх мэдлийн гишгүүр хийж буй 50-иас дээш насны “авторууд” идэр залуу үедээ зай тавьж өгөх хэрэгтэй. Эрх мэдлийн гинжин хэлхээнд тэд ардчиллаар дамжин хүрсэн байж болох ч “ардчиллын” мөн чанарыг энэ нийгэмд хүмүүжсэн залуус нь үүрч гарах ёстой. Энэ бол аливаа нийгмийн бичигдээгүй дүрэм. Үүнийгээ ухаарах, эс ухаарахаас Ардчилсан нам, цаашлаад улс орны ирээдүй шалтгаалах учиртай.

“Бүлээн наран элчээрээ
Бээрсэн толгодыг гэсгээнэ
Бэлгэдлийн хонх нь эгшгээрээ
Нойрноос бүгдийг сэрээнэ...”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат инженер(202.9.41.49) 22 минутын өмнө

Коммунист засаглалтай байхад Монгол хөгжихгүй ээ Ард түмэн минь ойлгооч

0  |  0
Top