Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026 эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026" өнөөдөр Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ.

Тус форумыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Экспорт, олон улсын худалдааны Төв хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээнд төр хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл хуран чуулж, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг эрэлхийлэн, стратегийн түншлэлээ өргөжүүлэхээр чуулж байна.

Форумыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чинюнь Дяо нар үг хэлэв.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн "Монголын хөдөө аж ахуйн стратегийн санаачилгуудын танилцуулга" илтгэл, НҮБ-ын ХХААБ-ын "Гараас гарт" (Hand-in-Hand) санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулалтын төслүүдийг ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн ахлах бодлогын ажилтан Жан Сяоруо танилцууллаа.

Мөн стратегийн түншлэл, санхүүжилт, зах зээлээ тэлэх зорилготой хүнс үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс шир, агропарк, сэргээгдэх материал, инновац, биотехнологийн чиглэлийн өндөр нэмүү өртөг шингэсэн 12 хөрөнгө оруулалтын төслийг хөрөнгө оруулагчдад сонордуулж байна. 

Форумын салбар хуралдаан, панел хэлэлцүүлгүүдээр дараах сэдвүүдийг хөндөн хэлэлцэнэ. Үүнд:

• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн нэмүү өртгийн сүлжээ;

• Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт болон холимог санхүүгийн шийдлүүд;

• Олон улсын хөрөнгө оруулагчдын шалгуур, хүлээлт, Монгол дахь амжилттай туршлага;

• Мах, сүү, ноос, ноолуурын салбарын экспортын боломж ба Австралийн туршлага;

• Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний тогтолцоо;

• Нийлүүлэлтийн сүлжээн дэх химийн бодисын аюулгүй менежмент;

• Хөдөө аж ахуйн салбар дахь нүүрстөрөгчийн зах зээлийн боломжууд.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top