Цагаан будаа, ногоон тэжээл тариалах чиглэлд хамтран ажиллана

Я.Болор | Zindaa.mn
57 минутын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Бүгд найрамдах Солонгос улсын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Ерөнхийлөгч И Сын Дунтай уулзав.

Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын онцлог, өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, бодлого төлөвлөлтийн талаар товч танилцуулж, БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газартай хамтран ажиллах боломжуудын талаар байр сууриа илэрхийлэв.

Сайдын хувьд 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдөр “КОПИА Монгол” төвийн захирал У Мён Гюүтэй уулзалт хийж хоёр улсын давуу талыг уялдуулан, нөөц боломж болон технологийн чадавхаа нэгтгэн хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлсон гэдгийг дурдлаа. Энэ хүрээнд генетик нөөц, Монгол Улсад цагаан будаа тарих, ногоон тэжээл тарьж БНСУ-д экспортлох нь ач холбогдол өндөр гэж үзэж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар болсон гэдэг мэдээллийг өгөв. ХХААХҮЯ-ны зүгээс тэжээлийн ургамлуудыг Монгол Улсад тарьж ургуулахад газрын асуудлыг шийдвэрлэж хамтран ажиллах боломжтой гэдгийг мөн илэрхийллээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Түгээлт ба логистикийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд найрамдах Солонгос улсын Худалдаа, үйлдвэр, эрдэс баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байгаа. Энэ хүрээнд БНСУ-тай ургац хураалтын дараах менежмент болон түгээлтийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа юм.

Бүгд найрамдах Солонгос улсын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Ерөнхийлөгч И Сын Дун өөрийн байгууллагын түүх, өнөөгийн үйл ажиллагааны талаар танилцуулж, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов.

Сайд Ц.Идэрбат хамтын ажиллагаагаа ХХААХҮЯ-ны зүгээс Бүгд найрамдах Солонгос улсын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газартай цагаан будааг Монголд тарьж нутагшуулах, малын генетик нөөц болон ногоон тэжээл тариалах гэсэн гурван чиглэлээр хамтран ажиллаж, уулзалтаар ярилцсан санаануудаа бодит ажил хэрэг болгох байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кса(202.126.89.117) 35 секундын өмнө

Халх гол, Мэнэнгийн тал ингээд ”Солонгосын хилийн чанад дахь газар нутаг” гээч нь албан ёсоор далд утгаар болж байгаа юм. Солонгосчууд хүслээ гүйцэтгэхийн тулд 20 гаруй жил уйгагүй ажиллаж тэнэг поп гишүүд, аймгийн засаг ноёдыг угжиж байсан даа.

0  |  0
Top