Дэлхийн шилдэг кино \цуврал\: Хурга майлахаа болино

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 21

The Silence of the Lambs

Бүтээсэн он: 1991

Найруулагч: Жонатан Демме

Продюсер: Кеннет Утт

Төрөл: триллер

Кино зохиол: Тед Талли

Гол дүрд: Жоди Фостер, Энтони Хопкинс, Скотт Гленн

Хөгжмийн зохиолч: Ховард Шор

Кино компани: Orion Pictures

Хугацаа: 158 мин

Төсөв: 19 сая ам.доллар

Шагнал: 1992 оны “Оскар”-аас “Шилдэг кино”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг зохиол”-ын шагнал хүртсэн. 1992 оны “Алтан бөмбөрцөг”-ийн “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг Ж.Фостер хүртжээ.

 

Үйл явдал:

ХМТ “Буфалло Билл” хэмээн маньяк алуурчны үйлдсэн маш зэрлэг цуврал аллагыг мөрдөх болно. Гэхдээ тэдэнд хэргийн ул мөрөөр орох ямар нэгэн сэжүүр огт олдохгүй байлаа. Тиймээс ХМТ хэргийн талаар мэдээлэл авахын тулд өөр нэгэн маньяк алуурчинд хандахаар шийднэ. Тэр нь үйлдсэн хэрэгтээ бүх насаараа хоригдох ял аваад байсан сэтгэл судлаач “Ганнибал” Лектор гэгч байх болно. Түүнтэй уулзахаар ХМТ-ны тусгай ажилтан бүсгүй Кларисса Старлинг шоронд ирэв. Түүнээс хойш Лектер болон Старлинг хоёрын хооронд холбоо тогтож, ганнибал эр бүсгүйгээр сэтгэл зүйн хүнд тоглоом тоглуулах болдог. Гэтэл гэмт этгээд аллагаа үргэлжүүлсээр, эрх чөлөөтэй гудамжаар алхалсаар л… Старлинг Ганнибалын тавьсан хэд хэдэн шаардлагыг биелүүлсний дараа хэрэгтний мөрөөр орсон хэдий ч түүнтэй нүүр тулна гэхээс эмээж байлаа. Ингээд киноны төгсгөлд Лектер бүсгүйд маньякийг барьж болох газрыг зааж өгснөөр Старлинг алуурчныг илрүүлж газар дээр нь хороов. Гэтэл яг тэр ажиллагааны үеэр Лектер шоронгоос оргожээ…        

 

Сонирхолтой факт:

-Ганнибалын дүрийг бүтээх санал анх Жин Хэкманд иржээ. Мөн найруулагчаар ажиллах санал ч… Тэгвэл эмэгтэй гол дүр болох Кларист тоглох санал Мишель Пфайффер, Мег Райан нар  гаргасан хэдий ч тэд татгалзжээ

-Тэгвэл доктор Лекторт тоглохоор Хэкмантай Роберт Дюваль, Жереми Айронс болон Брайан Кокс нар хүчтэй өрсөлдсөн

-Киноны зураг авалтын материалын ихэнх хэсгийг Питтсбургт бэлтгэсэн. Энэ хот ийм төрлийн киноны зураг авалтанд ашиглаж болох барилгын өвөрмөц архитектур болон үзэсгэлэнт газрууд ихтэй юм. Тиймээс киноныхонд улс орны өнцөг булан бүрд өрнөж байгаа үйл явдлын зургийг энд авахад нэн боломжтой хэмээн сонгосон байна.

-Энэ кино нь “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын түүхэн дэх хамгийн гол таван шагналын эзэн болсон гурав дахь бүтээлд зүй ёсоор тооцогддог.  Үүнээс өмнө “Энэ бүхэн нэг шөнийн дотор болсон” /1934/, “Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг” /1975/ гэсэн кино ийм амжилт тогтоогоод байсан юм.

-Энтони Хопкинс өөрийн бүтээсэн Ганнибал Лекторын дүрд дуу оруулсан нь Труман Капота, Кетрин Хепберн нарын адил нэр алдарт хүргэхэд нөлөөлжээ. Ихэнх жүжигчдэд ийм боломж олддоггүй.

-Хэрвээ киноны постерыг сайн ажиглавал эрвээхэйн далавчин дээрх гавлын яс анзаарагддаг. Улам сайн ажиглаж чадвал гавлын яс нь гурван нүцгэн эмэгтэй хүний дүрснээс бүтсэн байгаа. /түүнчлэн долоон нүцгэн бүсгүйн дүрсээс бүтсэн хувилбар ч байдаг. Орч/

-Баффало Билл хэмээх маньяк эр нь цуврал аллага үйлдэгч гурван алуурчны бодит дүр төрх, үйлдэл дээр тулгуурлан бүтээгдсэн. Тэдгээр алуурчдын цаана хэдэн зуун аллага амьдрал дээр бодитоор үйлдэгдсэн байдаг. Танилцуулбал, алсан хүнийхээ арьсыг хуулах дуртай Эд Гейн, эмэгтэй хохирогчийнхоо төрхийг гипсэнд буулган өөртөө ашигладаг царайлаг Тед Банди мөн золионы хүнээ гүн нүхэнд хорьж өлсгөлөнгөөр турааж алах донтон Гари Хейдник нар юм. /жич: эдгээр болон бусад аймшигт маняьк алуурчдын дуулиант хэргүүдийн талаар бид удахгүй уншигчдадаа цувралаар хүргэхээр бэлтгэж байгааг энэ дашрамд хэлэх байна. Орч/

-Ганнибал Лектор нь бодит амьдрал дээр цуврал алуурчин Альберт Фиш юм. Энэ хүн биш хүн нь бага насны охидыг маш ихээр тарчлаан зовоож байж алаад дараа нь шинэхэн махыг нь иддэг нэгэн байсан гэдэг.

-Эхэндээ киног прокатанд 1990 оны намар гэхэд гаргахаар төлөвлөөд байв. Гэтэл Orion Pictures компани киног 1991 оны нэг сар хүртэл дарсан нь “Чонотой бүжиглэгч” кинотой холбоотой ажээ. Тухайн үед Кевин Костнерийн тоглосон уг кино нь 1990 оны “Оскар"-т маш хүчтэй өрсөлдөхөөр байжээ.

-Дүрдээ бэлтгэх явцдаа Энтони Хопкинс сүүлийн жилүүдэд гарсан цуврал гэмт хэрэг болон маньяк алуурчдын талаар их судалжээ. Энэ ч утгаараа дээрх гэмт хэрэгтнүүдийг хорьж байсан шоронд хүртэл очсон бөгөөд хүн амины хэргийн шүүх хуралд хоёр ч удаа оролцож үзжээ

-Бичлэгүүдийг үзэж байхдаа тэрээр маньяк алуурчин Чарльз Мэнсон байцаагдаж байхдаа нүдээ цавчихгүй ярьдаг мөн камер луу эгц ширтэн суудаг болохыг анзаарчээ

-Энтони Хопкинс киноны туршид дэлгэцнээ зөвхөн 16 минутын турш л гардаг. Хэдийгээр бүхэл бүтэн кинонд ийм бага гарсан хэдий ч тэрээр “Оскар” хүртсэн. Магадгүй ойрын үед энэ амжилтыг хэн нэгэн нь тогтоохгүй л болов уу хэмээх мэргэжилтнүүд үздэг.

-Кино зохиолч Тед Таллигийн үзэж байснаар мөрдөгч Старлингийн дүрд тохирох хүн бол зөвхөн Жоди Фостер байжээ. Гэтэл найруулагчийн суудал Жонатан Деммегийнх болсноор найруулагч уг дүрд Мишель Пфайфферыг урьжээ.

-Гэхдээ Мишель киног дэндүү цуст аллага ихтэй хэмээн үзээд гол дүрээс татгалзаж. Ингэснээр Жонатан дотны зөвлөх, кино зохиолч найзынхаа сонголтоор Фостерыг кино төсөлдөө оруулахаар болсон гэдэг.

-Алуурчин Тед Банди нь маш хэрцгий цуврал аллага үйлдээд нуугдаж байсан хэдий ч баривчлагдан 1989.01.24-нд цаазаар авахуулсан гэдэг. Гэвч түүний цаадах жинхэнэ маньяк эрийг 2001 онд л баривчилсан билээ. Тэр бол Гэри Рижвей. Тэр Тедийн хамт нийтдээ 48 удаагийн аллага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн.

-Жоди, Скотт хоёрыг зураг авалтанд бэлтгэж байх үед нь тэдэнд маньяк алуурчдын аллагынхаа үеэр хийсэн аудио бичлэгийг сонсохыг найруулагч санал болгожээ. Жод тэрхүү цуст аллагын явцыг сонсохыг хүсээгүй бол Скотт арга буюу дүрдээ орохын тулд тэдгээр бичлэгийг бүгдийг нь сонссон байна.    

Р.Слава

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top