-Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?
-Арван жилээсээ дуулдаг байсан. Хоёр жил гаруй дуугаа орхилоо, одоо буцаад дуулж байна.
-Яагаад дуулахаа больсон гэж?
-Мэргэжлийн хүн дээр очиж хоолойгоо шалгуулсан юм. Тэгтэл “Чи юу вэ? боль боль. Над дээр нэг жил гамм уншиж байж арай дээр болно” гэх мэт үг хэлсэн. Түүнээс хойш шууд сэтгэлээр унаад дуулахаа больсон.
-Сэтгэлээр унасан хэцүү үед буцаж дуулах урам зоригийг хэн өгөв?
-Камертоны Ганаа ах. Өмнө нь ахдаа дуулж үзүүлээгүй байсан л даа. Нэг удаа дуулж өгөх завшаан олдсон юм. Ах маань сонсчихоод “Болж байна. Одоо гамм унших хэрэгтэй. Хоолой чинь гоё байна” гэсэн. Тэр үгнээс нь маш их урам авсан.
-Багаасаа дуучин болъё гэж боддог байжээ дээ?
-Тийм ээ. Гэвч гэр бүлийнхэн маань дэмжээгүй. Тиймээс уул уурхайн чиглэлээр сурахаар болсон.
-4-р шатны шалгаруулалтад хэр их бэлдэв?
-Өдөр болгон 18.00 цагаас амьд хөгжмийн бэлтгэл хийж байсан. 4-р шат өмнөх шатуудаа бодвол хугацааны хувьд харьцангуй богино байлаа. Сугалсан дуу маань миний өмнө нь сонсож байгаагүй дуу байсан. Тиймээс маш их бэлдэж дуулж байна.
-Шилдэг 21 оролцогчидтой харьцуулбал өөрийн чинь давуу болон сул тал?
-Хоолойны темберээрээ давуу. Харин техник ур чадварын хувьд дутагдалтай талууд бий.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч?
-Оргил.
-Энэ шоунд оролцсоноор олж авсан хамгийн том ололт?
-Их зүйлийг мэдэж сурч байна. Мэдэнгүүтээ өөрийгөө болоогүй байна гэдгээ илүү мэдэж авсан.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Аав ээж, дүүг нарынхаа хамт амьдардаг. Манай дүү 1-р дунд сургуульд сурдаг.
-Гэр бүлийн зүгээс хэр их дэмжиж байна?
-Хамгийн их дэмжиж байгаа хүмүүс найзууд, хамаатан ах дүү нар байна. Мэдээж аав ээж тодорхой хэмжээгээр дэмжиж байгаа.
-Найз охинтой юу?
-Найз охин байхгүй.
-Ямар охид таалагддаг вэ?
-Ухаантай, даруухан, цэвэрхэн хувцасладаг охид таалагддаг.
-Эмэгтэй хүний мөн чанар?
-Эмэгтэй хүн эрхэмсэг байвал гоё.
-Анхны хайртайгаа учирсан байх?
-Тэгэлгүй яахав. 2008 онд нэг охинд хайртай болж хоёр жил гаруй үерхсэн. Тэр охин маань одоо Солонгост байдаг.
-Дурлахаараа...?
-Романтик болно. Өөртөө татах гээд л үзэж тарна шүү дээ /инээв/.
-Чиний бодлоор дуучин хүнд байвал зохих эрхэм чанар?
-Миний бодлоор дуучин хүн хөдөлмөрч байх ёстой.
-Сэтгэлд хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн шат?
-3-р шат. Ёстой гоё байсан. Манай багт их зөв бодолтой хүүхдүүд байсан л даа. Бид атгасан гар шиг байж чадсан.
-Дуулалт дээр чинь тусалж байгаа хүн байна уу?
-Ааваасаа хааяа асууна. Гэхдээ өөрөө л бэлдэж оролцож байна.
-Камертон хамтлагийн гишүүн Ганааг өөрийн чинь хамаатны ах гэдгийг хүмүүс мэднэ. 3-р шатанд Ганаагийн дууг хуулбарлаж яг адилхан дууллаа гэсэн шүүмжилсэн. Энэ тал дээр?
-Ганаа ах бол манай авга ах. Ах дүүс юм чинь адилхан хоолойтой байхыг үгүйсгэхгүй. Ганаа ах “Намайг хэтэрхий их дууриаж байна. Хүн болгон чамайг Ганаатай адилхан гэж байна. Чи бол Маргад. Өөрийгөө харуул” гэж хэлсэн.
-Ахын зүгээс тусалж, зөвлөгөө өгч байна уу?
-Бараг үгүй. Ганаа ах чинь өөрөө завгүй хүн.
-Дутагдалтай тал?
-Нэг юмыг тууштай хийж үзээгүй. Одоо үүндээ маш их харамсаж байна.
-Өөрийн чинь хамгийн сайхан чанар?
-Би маш сайн хүн байхыг хичээдэг.
-Шүтлэгтэй юу?
-Будда. Далай ламын сургаалуудыг уншдаг. Буддын шашин амьдралтай их ойр.
-Нөхөрлөл чиний хувьд?
-Бие биедээ үнэнч байх.
-Бусад оролцогч нартаа хандаж хэлэх үг?
-Бүгдэнд нь амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )